МСҮТ-ийнхэн баялаг бүтээдэг гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

МСҮТ-ийнхэн баялаг бүтээдэг гэв

"Мэргэжил-ур чадвар-миний амжилт” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо.

Хэвлэлийн хурлыг Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төслөөс зохион байгуулсан бөгөөд мэдээллийг хаяглан илгээсэн зорилтот хүмүүс  нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчид байв. Тэдний олонх нь их дээд сургуульд орохоор элсэлтийн шалгалт өгсөн нь мэдээж. Гэвч их дээд сургуулийн босго оноонд хүрэлгүй үлдэгсэд бас бий. Шалгалтын оноо хүрсэн ч их дээд сургуулийн сургалтын төлбөрийн чадваргүй ар гэрийнхэн ч цөөнгүй. Мөн хүүхэд бүрийн хошуураад байгаа  мэргэжлээс ангид эрэлт ихтэй ховор мэргэжлийг хурдхан эзэмшээд бушуухан ажил хийж аав ээждээ тус болохсон гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд ч бий. Тэгвэл тэр бүх хүүхдэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв |МСҮТ|-ийн үүд хаалга нээлттэй байна гэдгийг хэвлэлийн бага хурал зарлагсад хэлж байлаа. Нэгэн үе сурлага, сахилга муутай хүүхдүүд л ТМС-д сурдаг гэсэн буруу ташаа ойлголт байсан бол одоо харин ч “Баялаг бүтээгчдийг МСҮТ сургадаг” гэсэн уриатай болжээ. Үнэхээр ч барилга, уул уурхай, зам гэхчилэн бүхий  л бүтээн байгуулалтад МСҮТ-ийн  “бүтээгдэхүүн”-үүд оройлон оролцдог. Тэдний дотроос олон компанийн захирал, зочид буудлын эзэд, салоын хатагтай нар төрөн гарсан төдийгүй тэдний ажиллагсад хамгийн жаргалтай байдаг. Учир нь тэд өөрсдөө ажилчин ангиас гаралтай болохоор ажилчдынхаа жаргал зовлонг хамгийн сайн ойлгодог байна.

Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцсон Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар “Энэ онд МОнголын хувийн хэвшилд 92 мянган ажлын байр бий болно. Үүний дөч орчим мянгад нь  МСҮТ төгсөгчид ажиллана. Харин үлдсэн 52 мянган ажлын байр эзнээ үгүйлж байгаа. Нэгэнт дотоодод төгссөн мэргэжилтэй ажилчид хүрэлцэхгүй учир бид үлдсэн орон тоог гадаадаас ажиллах хүчин авч нөхөхөөс аргагүй “ гэж байлаа. Барилгын салбарт ч ялгаагүй 30 орчим мянган ажилчид шаардлагатай байгаа гэнэ. Гэтэл дотоодод төгсөгчдийн тоо ажлын байрны эрэлтийн хаана нь ч хүрэхгүй байгаагаас хүүхдүүдийг төлбөргүй, харин ч тэтгэлэгтэй суралцах боломжтой МСҮТ рүү ирээч гэж хурал зохион байгуулагчид уриалж байлаа.

Өнөөдөр мэргэжлийн боловсролын сургалтын салбарт төрийн өмчийн 49, төрийн бус өмчийн 26 сургууль, их дээд сургуулийн харъяа долоон байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай таван сургууль байдаг ажээ. Эдгээрт 45225 суралцагч бий. 35,3 мянга нт төрийн өмчийн сургуульд суралцдаг байна. Тэдгээрийн төлөөлөл ч өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон юм. Үйлдвэрлэл урлалын сургуулийг төгсөөд амжилттай ажиллаж байгаа Б.Буяндалай, А.Баттулга болон одоо суралцаж буй Б.Бат-Очир нар оролцож МСҮТ-ийнхээ давуу талыг онцолж байлаа. Тэдний хувьд МСҮТ-ийн суралцагсад дадлага хийсэн газраа ажиллаж үлдэх тохиолдол маш олон гэнэ. Мөн амьдралд хамгийн ойрхон хичээл заадаг болохоор хүүхдүүд хэзээ ч залхдаггүй аж. Сургалтын төлбөр төлж , аав ээжийгээ зовоохгүйн дээр дадлагаа ч цалинтай хийдэг онцлогтойг суралцагсад хэлж байлаа. Тэнд сурсан бүхэн насан туршид нь том хөрөнгө оруулалт болдог гэдгийг мөн тодотгосон юм.

Төгсгөлд нь Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн талаар товч танилцуулъя. Уг төсөл нь Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгуудад хэрэгжиж буй  юм. МСҮТ-ийн талаарх эерэг ойлголтыг нийгэмд түгээхийн дээр аймаг бүрт хамгийн эрэлттэй байгаа нэг мэргэжлийг сонгон уг мэргжлийн дагуу мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөрийг боловсруулж өгөх зорилготой ажээ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж