Дэлхийн адууны баяр Монголд болно

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн адууны баяр Монголд болно

ММСУХ-ны зөвлөх А.Баярмагнайтай ярилцлаа.

Наадам ойртлоо, уяачид морьдоо уяж хөл хөдөлгөөн ихтэй байна. Наадам ч болдгоороо болно биз. Энэ жилийн хувьд наадмаас дутуугүй үйл явдлууд болох сурагтай. Тэр талаар таньтай ярилцъя.

-Наадам дөхөж, нар хур тэгширч сайхан байна. Энэ жил долдугаар сарын 10-13-нд Үндэсний их баяр наадам болно. Түүнээс гадна Хэнтий, Төв, Архангай, Завхан аймгуудын 90 жилийн ой болно. Эдгээр аймгийн ойгоор өөр бүсүүдийн хурдан морины уралдаан зохион байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарсан.  Долдугаар сарын сүүлээр энэ аймгууд наадмаа хийх юм. Үүний өмнөхөн долдугаар сарын 20-21-нд Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан болно. Гурван жил тутамд хийдэг болохоор энэ жил ээлж нь таарч байгаа юм. Мөн л Засгийн газрын шийдвэртэй.

-Өөр бас Дэлхийн адууны баярыг манайд хийх гэж байна уу?

-Тийм ээ. Хэд хэдэн сонирхолтой ажлыг ММСУХ зохион байгуулна. Юуны өмнө Геннисийн дээд амжилтын бүртгэлд хэдэн амжилт бүртгүүлнэ. Үүнд: Хамгийн олон морьдын уралдаан багтаж байна. Гиннест бүртгэгдсэн энэ чиглэлийн дээд амжилт нь /Өвөр Монголд/ нэг дор 260 морь уралдсан байдаг байна. Тэгвэл Монгол Улс нэг дор 3000 морь давхиулж, шинэ дээд амжилт тогтоох юм. Хамгийн олон морины жагсаал гэж бас хийнэ. Колумбид 8000 морьтон нэг дор жагсаж, дээд амжилт тогтоосон байдаг. Тэгвэл манайх 10000 морьтон нэг дор жагсаж, дээд амжилт тогтоох зорилготой байна. Манайд эдгээрээс өөр хоёр гурван ч дээд амжилт байж болохоор байгаа юм. Монголдоо бол нэг их сүртэй юм биш ч дэлхийд дээд амжилт болохоор зүйлс байна шүү. Мөн хэд хэдэн улс хамтраад Дэлхийн адууны баяр хийдэг уламжлалтай юм. Тэр арга хэмжээг энэ зун манайд хийнэ. Тусгай тодорхой хөтөлбөрийн дагуу явуулна. Сонгуулийн дөнгөж дараа ММСУХ-ны тэргүүлэгчид хуралдаж, эдгээр асуудлыг ярилцаж, шийдвэр гаргаад, олон нийтэд албан ёсоор зарлана. Тэр үед илүү тодорхой мэдээллийг манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга өгнө.

-Өөр нэг зүйл лавлая. “Аравгар хээр” МСУХ бас 1500 морь уралдуулж, Гиннест бүртгүүлнэ гэж зарласан байна.

-Хэдэн жилийн турш л тийм юм ярьж яваа хүн бий. “Аравгар хээр” холбоо Гиннест бүртгүүлэх ажил хийх болсон чинь Монголын Засгийн газар, ММСУХ хоёр зөвшөөрөл өгөөгүй гэсэн юм яриад, бичээд яваа хүнийг би мэднэ ээ. Санаачлагатай хүн өөрөө хөөцөлдөөд ямар ч ажлыг хийж чадвал болно шүү дээ. Гэтэл ямар ч учрыг нь олоогүй байж, хий дэмий л “Гиннест бүртгүүлэх” гээд яриад нилээн хэдэн жил боллоо. Өөрөө энэ талаар анхны мэдэгдэхүүн байхгүй, юу ч мэдэхгүй байж л хий яриа зар түгээгээд байдаг. Хийсэн юм огт байхгүй, "Guinness World Records"-ын хаягийг ч танихгүй, ярьж харилцаж ч чадахгүй, зөвшөөрөл авч, гэрээ хэлцэл хийж мэдэхгүй, тэгсэн мөртөө төв, орон нутгаар “Аравгар хээр” холбоо ийм юм хийх гэж байна гэж яриад бичээд, Засгийн газар, ММСУХ зөвшөөрөхгүй байна гэж худлаа ярьдаг, түүнийгээ сонин хэвлэл, сайтад бичээд явах нь ямар ч учир утгагүй хэрэг.

-Монголчууд хурдан морины уралдаанаа Гиннест бүртгүүлнэ. Тэгэхдээ энд ажлыг Монголын морин спорт, уяачдын холбоо зохион байгуулна гэж ойлголоо. Зөв үү.

-Яг тийм

-“Арвагар хээр” холбоо хийхгүй юм байна?

-Тийм ээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж