“Нар Мон” компанийн захирал, яруу найрагч М.Хүрэлсүх өчигдөр “Интерном” номын их дэлгүүрт “Буга шүтээн” яруу найргийн ном, дууны цомгийн нээлтээ хийсэн юм. Тэрээр 2011 оны “Морин хуур” наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбаттай хамтран хийсэн “Хурмастын дууч шувуу” дуугаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Уянгаар дуулан сойсон нь Гран-При шагнал хүртэж байсан бол 2012 оны “Морин хуур” наадамд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу түүний шүлэг Ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго нарын дуулж олны хүртээл болгосон “Аминаас үнэтэй Монгол” дуу Гран-При хүртээд байгаа юм. Номын баярынхаа үеэр тэрээр “Соёлын тэргүүний аижлтан” цолоор энгэрээ мялаасан юм.
Шинэхэн Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч М.Хүрэлсүхийн номын хуримд түүний хөл хүнд гэргий нь ирж баяр хүргэсэн юм. Ардын жүжигчин А.Долгортой "Амьнаас үнэтэй Монгол" дууг хамтран дуулсан залуу дуучин Л.Солонго яруу найрагч М.Хүрэлсүхийн гэргий бөгөөд тэд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ. Залуу дуучин Л.Солонго нь Болгарын Софи хотын хөгжмийн академид суралцдаг бөгөөд “Хүслийн бороо” нэртэй бие даасан анхны цомгоо худалдаанд гаргаад удаагүй байгаа юм.
Г.ДАША