Ослын газрыг орхиж зугтвал эрүүгийн хариуцлага нь чангардаг

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Ослын газрыг орхиж зугтвал эрүүгийн хариуцлага нь чангардаг

Зам тээврийн осол гаргасан л бол заавал баригддаг. Тэгээд ч ямар ч гэрчгүй осол гэж байдаггүй болохоор хэрэг илрэхгүй байна гэж үгүй гэдгийг баталсан нэгэн ослын талаар уншигч танд дуулгая. Тавдугаар сарын 27-ны 03 цагийн үед Хан-Уул дүүргийн нутагт АПУ ХК-ийн арын зам дээр 20-25 насны эмэгтэй хүн осолд орж барсан хэрэг гарсан. Хохирогч хэн болох нь тогтоогдоогүй, осол гаргаад зугтсан жолоочийг эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Тэр ч бүү хэл цагдаагйин байгууллага мэдээлийн нууцыг чандлан хадгалахаа амлаж, хэргийн газраас зугтсан жолоочийг сайн дураар өөрөө хэргээ хүлээгээд ирвэл хариуцлага хөнгөрөх тухай ч хангалттай анхааруулсан. Гэвч хэрэг үйлдсэн жолооч ирээгүй. Харин Замын цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж, энэ хэргийг харсан гэрчүүдийг ч олсон. Машины дугаарыг тогтоож эрэн сурвалжилсны эцэст хэрэг гарснаас дөрөв хоногийн дараа буюу зургадугаар сарын 1-нд 07 цагийн орчим осол гаргаад зугтсан жолоочийг гэрээс нь барьсан байна. Тэрбээр 20 настай, жолоо барих эрхийн үнэмлэхгүй нэгэн байсан юм. Хэрэг үйлдсэн этгээдийг хамаатных нь ах архи уучихсан байна ирж машин ав хэмээн шөнө дуудсан гэнэ. Шөнийн гурван цагт, ямар ч гэрэлтүүлэггүй гудамжаар хурд хэтрүүлэн давхиж яваад тэр үед зам гарч байсан бүсгүйг дайрсан хэрнээ тэр чигтээ давхиад явчихсан байна. Үнэндээ хүн дайрчихлаа гэж сандарсан, айсандаа зогсоогүй тэгээд ч хэн ч хараагүй байх гэдэгт л найдсан гэдгээ ч ярьжээ. Уг нь тэрбээр осол гаргаснаа мэдэнгүүт зогсоод хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаа дуудсан бол өнөөдөр түүний хүлээх хариуцлага хамаагүй хөнгөн байж ч болох байсан. Тэгээд ч энэ хэргийн хохирогч архи уусан, биеэ хянах чадвар муутай явсан нь үзлэгээр тогтоогдсон юм билээ. Бүсгүй найзуудтайгаа нийлж баяр тэмдэглээд багагүй ууж халамцсан үедээ гэртээ харихаар гарч яваад ийн осолдсон. Тиймээс энэ хэрэгт жолооч, хохирогч аль аль нь буруутай байсан байж ч болох. Гэтэл жолооч ослын газрыг орхиж зугтсанаараа хүлээх эрүүгийн хариуцлага нь чангарч байгаа аж. Тийм учраас замын хөдөлгөөнд оролцож байхдаа санамсар болгоомжгүйгээс ч юм уу ямар нэг осол гаргалаа гэж бодоход хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хохирогчид тусламж үзүүлэх, цагдаад мэдэгдэх хэрэгтэйг Замын цагдаагийн Эрүүгийн хэрэг мөрдөн байцаах хэлтсийнхэн жолооч нарт зориуд анхааруулж байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж