
Энэ жил улсын хэмжээнд 399.7 мянган га-д тариалалт хийж дуусчээ. Үүнээс 276 мянган га-д улаан буудай, 13.8 мянган га-д төмс, долоон мянган га-д хүнсний ногоо, 75.6 мянган га-д тосны ургамал, 9.3 мянган га-д тэжээлийн ургамал, жимс, жимсгэнэ 720 га-д тарьсан байна. Нийт тарилалт хийсэн талбайн 75.2 хувьд соёололт сайн байна гэж ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Рэнчинсэнгээ мэдээллээ. Энэ жилийн тариалалтыг ноднингийн мөн үетэй харьцуулахад нийт тариалсан талбайн хэмжээ нэмэгдсэн боловч таримлын зарим төрлийн тариалалт буурчээ. Үүнд, улаан буудайн тариалалт 18 мянган га-гаар, төмс тариалалт 1.6 мянган га-гаар, хүнсний ногоо 600 га-гаар буурсан нь борлуулалттай холбоотой ажээ.
Өмнөх жил дээрх төрлийн таримал тарьсан тариаланчид тарьснаа борлуулж чадаагүйгээс тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн байна. Харин энэ жилийн хувьд тосны ургамлын тариалалт өмнөх жилийнхээс гурав дахин өсчээ. Тосны ургамлыг хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхийн тулд тариалангийн талбайн сэлгээ ургамал болгон тариалж буйн дээр Дархан хотод ургамлын тосны үйлдвэр байгуулж буйтай ч мөн холбоотой гэнэ. Цаашид тэжээлийн ургамлын тариалалт нэмэгдэх магадлалтай ажээ. Учир нь эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхийн тулд тэжээлийг нь хангалттай хэмжээнд бэлтгэх учиртайг албаны хүмүүс тодотголоо. Зөвхөн шувууны аж ахуйнууд жилд 30 гаруй сая ам.долларын тэжээл гадаадаас импортлон оруулдаг байна.
Д.ЦЭЭНЭ