2011, 2012 онд малчдад ноосны урамшуулал олгох болсноор сүүлийн жилүүдэд үнэгүйдэн хаягдаж байсан ноос үнэтэй болж, үндэсний үйлдвэрүүд ч түүхий эдээр хангагдсан. Тэгвэл энэ жилээс эхлэн үндэсний үйлдвэрлэлд нийлүүлсэн арьс ширэнд ноосны нэгэн адил урамшуулал олгохоор болжээ. Малчин өрх бүр үйлдвэрлэгч байдаг ч үр шимийг нь хүзртэж чадахгүй үлдэх нь бий. Тиймээс малчин өрх бүрт жижиг дунд үйлдвэрлэгчийн үнэмлэх, баталгаажсан тамга зэргийг олгож эхэлсэн юм. Үүний дагуу ҮХААЯ Арьс ширний холбоотой хамтран арьс ширийг малчдаас арьс шир бэлтгэлийн талаарх сургалтыг 12 аймагт зохион байгуулжээ. Одоогийн байдлаар 12 амйагт нийт 721 төлөөлөгч томилон арьс ширний урамшуулал олгох ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ ноосны урамшууллын адил падаан бичиж, нарийвчлан тулгах гэнэ. Мөн урамшууллыг олгоход нийлүүлж буй арьс ширний чанар нөлөөлнө гэдгийг онцолж байлаа. Ноосны урамшуулал кг тутамд 2000 төгрөг байгаа бол, бодын арьсанд олгох урамшуулал, 15 мянган төгрөг, хонины нэхий, ямааны арьсанд бол 3000 төгрөг байх юм байна. Уг урамшуулалд тэмээний ширийг оруулаагүй ажээ.
Түүнчлэн малаа амьдаар нь худалдсан тохиолдолд арьс, ширийг үйлдвэрт тушаана гэсэн гэрээ хийх ёстой юм байна.
Д.ЦЭЦЭН