“Хайраар дамжуулан сайн сайхныг түгээнэ”

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

“Хайраар дамжуулан сайн сайхныг түгээнэ”

Монголын их утга зохиолын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчид болох С.Буяннэмэх, Д.Нацагдорж нарын үеэс залуу зохиолчдын бүлгэм үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж ирсэн байдаг. Харамсалтай нь зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ бүлгэмийн үйл ажиллагаа зогссон. Харин 2010 оноос энэхүү ажлыг дахин сэргээж, “Монголын залуу зохиолчдын холбоо” байгуулагдсан нь утга зохиол, яруу найрагт хайртай хэн бүхний сэтгэлийг хөдлгөсөн гэдэг. Тэгвэл тэд энэ удаад Монгол Улсад анх удаа зуун яруу найрагчид, олон зуун сонсогчдыг нэг сэдвийн дор цуглуулсан “100 яруу найрагч-100 хайрын шүлэг” нэртэй хайрын шүлгийн уншлага өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Бид энэхүү уншлагын талаар МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Н.Минжинсайхантай уулзаж, тодруулсан юм.  

-“Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан энэ сарын 30-нд хайрын шүлгийн уншлага зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ уншлагынхаа талаар жаахан тодруулж яриач?

-Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачилж яруу найрагчдын зуны цугларалт буюу “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” гэсэн уншлага өдөрлөгийг “Өргөн орчлонд хүн хайраар дутаж болохгүй” гэсэн уриан дор энэ сарын 30-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулах гэж байна. Энэ үйл ажиллагаанд маань хөдөө орон нутгаас яруу найрагчид ирж оролцохоос гадна залуу яруу найрагчид, МЗЭ-ийн гишүүд, “Болор цом”-ын эзэд, Ардын уран зохиолчид гээд монголын яруу найргийн үе, үеийн төлөөлөл оролцоно. Мөн энэ үеэр хэдийгээр бурханы оронд одсон ч гэсэн шүлэг, уран бүтээл нь ард түмний дунд мөнх оршсоор байгаа найрагчдынхаа алдарт бүтээлийг уран уншлагын их мастерууд уншиж, үзэгч сонсогчиддоо хүргэнэ. Энэ өдөрлөгийн маань гол онцлог нь бид нар задгай талбайд үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм. Тиймээс энэ сарын 30-ны 16:00 цагаас яруу найрагт дуртай, түүнийг сонсдог, ойлгодог хэн бүхэн хүрэлцэн ирэх боломжтой.

-Та бүхэн “Монголын Залуу зохиолчдын холбоо” гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байсныг мэдэх юм байна. Хэзээнээс МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл” болон өөрчлөгдсөн бэ?

-Үүний өмнө нэг юм хэлэхэд бид нар шинээр “Залуу зохиолчдын нэгдэл” гээчийг байгуулчихаад байгаа юм бол биш л дээ. Аль тэртээ 1930-аад оноос эхлэлтэй юм билээ. Харин нэг хэсэг тасарч, үйл ажиллагаагаа явуулахаа больсон байсныг бид бүхэн сэргээсэн хэрэг. Бид нар 2010 онд анх “Монголын Залуу зохиолчдын холбоо” нэртэйгээр байгуулж байсан боловч саяханаас МЗЭ-ийн дэргэд байх ёстой байгууллага юм байна гэж үзээд МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл” болгон өөрчлөөд явж байна. Бид нар өмнө нь ахмад зохиолчиддоо хүндэтгэл үзүүлэх, утга зохиолын дугуйлан хичээллүүлэх, задгай талбайн уншлага, сурагчдын дунд ном унших аян гээд олон ажлыг хийж байсан. Харин одооноос МЗЭ-тэйгээ хамтраад үйл ажиллагаагаа өргөтгөөд явж байна. Үүний нэг тод жишээ нь энэ удаагийн хайрын шүлгийн өдөрлөг юм.

-Яагаад заавал “хайр” хэмээх сэдвийг сонгож авсан бэ?

-Хайр бол мөнхийн сэдэв л дээ. Тэгээд ч өнөөгийн нийгэмд хайр энэрэл дутагдсанаас болж хэн нэгнийгээ хүндэтгэхгүй, тэр ч бүү хэл оюун санаанд багтамгүй гэмт хэрэг, үйлдлүүд их гарч байна. Ер нь ч тэгээд бид нар хайр хэмээх мөнхийн сэдэв дороо энэ орчлон өөрөө хайраас бүтдэг гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд энэхүү ажлыг эхлүүлээд явж байна.

-Уншлагад ямар, ямар хүмүүс оролцох вэ?

-Бид нар оролцох хүмүүстээ бүгдэд нь дуулгаж амжаагүй л байна. Гэхдээ Ардын уран зохиолчдоос эхлээд залуу эхлэн бичигчид хүртэл хамруулан оролцуулахыг хичээж байгаа.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж