Ерээд оны үед бейсболын спортыг хөгжүүлэхээр Улаанбаатарт ирсэн Сэкинэ Макото өөрт тохиолдсон бодит түүхээ ийн ном болгон хэвлүүлсэн нь 2000 онд Японы “Спортын сэдэвтэй шилдэг зохиол” шагналыг хүртэж, хамгийн олон хувиар борлогдсон номоор шалгарч байжээ. Уг зохиолоос сэдэвлэн Япон найруулагч Таке Масахару “Нэг оноо” киног найруулсан байна.
Киног бүтээхэд Японы Токушима мужийн Анан хотын захиргаа болон “EARL GREY FILM”, Монгол талаас “AUM ENTERTAINMENT”, “CREATIVE ART GROUP”-ийн 50 гаруй киноны уран бүтээлч, 30 гаруй жүжигчин, Монголын бейсболын холбооны 100 гаруй тамирчид оролцжээ.
Тус кинонд Монголын талаас найруулагчаар кино найруулагч Д.Энхбаяр, гүйцэтгэх продюссерээр кино найруулагч, жүжигчин О.Гэрэлсүх, ерөнхий зураачаар кино найруулагч, зураач Ч.Ганзориг, ассистент найруулагчаар кино найруулагч Б.Чингүүн, дууны найруулагчаар Э.Амартүвшин, Б.Өлзий-Орших, тайзны зураачаар Н.Батжаргал, зургийн даргаар Я.Болдбаатар, зураглаачаар Д.Тэмүүлэн, дууны оператороор Л.Ариунболд нар ажилласан бөгөөд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, Ц.Батхуяг буюу Амбий, Соёлын гавьяат зүтгэлтэн, Нэвтрүүлэгч Ж.Батбаяр, залуу жүжигчин М.Мөнхчимэг, З.Отгонлхагва болон бейсболын тамирчин Д.Мөнхбат, Б.Ууганмягмар, О.Өнөболд, С.Чинбат, Ц.Жавхлан зэрэг хүмүүс гол ба туслах дүрүүдэд тоглосон бол Японы талаас ерөнхий найруулагчаар Ишида Такүяа, продюссерээр Хироки Танигүчи нар хамтран ажиллажээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал Японы үндэсний бейсболын холбооны хүндэт ерөнхийлөгчийн сонгуультай аж. Тиймээс ч Их аварга “Ганцхан оноо” киног хийж эхлэхээс дуусах хүртэл кино багийнханд тусалдаг байжээ.