Уулзалтын үеэр Монголын сонгуулийн төв байгууллагын тэргүүн хоёр орны сонгуулийн байгууллага нь хамтын ажиллагааны Санамж бичгийн дагуу хамтын ажиллагаагаа хөгжүүлж, ойр дотно харилцаатай байгааг дурдлаа. Энэ хүрээнд Монголын Сонгуулийн төв байгууллагын Ажлын албаныхан туршлага судлах, сургалтад хамрагдах зэргээр харилцаа тогтмолжиж байгааг тэмдэглэв. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд сонгуулийн байгууллагуудын Мэдээллийн технологийн төвүүдийн хооронд харилцаа тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
БНСУ-ын сонгуулийн байгууллагын ажиглагчдын бүрэлдэхүүнд Мэдээллийн технологийн төвийн дарга орсныг тэрээр олзуурхаж, төвүүдийн хооронд харилцаа тогтоох талаар түүнтэй ярилцах боломж байгааг тэмдэглэхийн сацуу цаашид БНСУ-ын Сонгуулийн байгууллагын Мэдээллийн технологийн төвд туршлага судлуулах, төвийн ажилтнуудыг сургах хүсэлттэй байгаагаа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн цохон хэллээ.
Уулзалтын дараа БНСУ-ын Үндэсний Сонгуулийн Комиссын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах гэж буй автоматжуулсан санал хураалтын системийг үзэж сонирхов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.