Үүнд улсын төсвийн зардал багассан нь нөлөөлсөн бөгөөд энэ талаар Дэлхийн банкнаас улсын төсвийг танах хэрэгтэй гэж сүүлийн жилүүдэд тасралтгүй зөвлөсөөр ирсэн. Орлого, зарлагаа тэнцвэржүүлж, ойрын хугацаанд ашиг өгөх төсөл, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэх мэтээр. Одоо улс төр, эдийн засгийн байдал хоорондоо шууд хамааралтай болсон энэ үед сонгуулийн үеийн эдийн засаг гэсэн нэр томъёо ашиглах болов. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх сонгуулийнхтай ижил эдийн засагт дарамт учруулах амлалт өгч, түүндээ хүрэхийн тулд төсвөө үрэн таран хийх болов уу гэсэн асуулт байсан. Тэгвэл энэ удаагийн сонгууль эдийг засагт дарамт өгөхөөргүй байж, төсвийн зардал бага боловч багаслаа гэж зарим эдийн засагчид сайшаах юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын хүү буурахад улсын төсвийн зардал багасах талдаа байгаа нь нөлөөлжээ.
Өөр нэг хүчин зүйл бол яах аргагүй инфляци. Өнгөрсөн жилүүдэд бэлэн мөнгө тараасан нь инфляцийг нэмэгдүүлж, үүнийг барихын тулд мөнгөний бодлогын хүүг нэмж байсан. Харин он гарснаас хойш инфляци нэг оронтой тоонд хүрсэн учир үүнийг дагуулаад бодлогын хүүг ийнхүү гурав дахь удаагаа бууруулж байна. Бидний инфляцийн зорилтот төвшин нэг оронтой тоо бөгөөд өнгөрсөн жил Төв банкнаас энэ мөрөөдлийн төвшинд хүргэнэ гэж амалж байхад хэн бүхэн толгойгоо сэгсэрч байв. Он гараад сүүлийн саруудад буурч, өсч байсан улсын инфляци одоо 9.7 хувьтай болж, найман хувийн зорилтод дөхчээ. Энэ нь бодлогын хүүг бууруулахад суурь дэвссэн байна.
Мөн нэг хүчин зүйлийг банкирууд онцолж байна. Эдийн засгийн салбарыг хөдөлгөөнд оруулсан ипотекийн зээлийн санхүүжилт өнгөрсөн долоон хоногт зах зээлд гарсан нь мөнгөний бодлогод мөн голлон нөлөөлсөн ажээ. Олон жил яригдаад бүтээгүй ипотекийн зээлийн тогтолцоо өнөө цагт эхэлж буй нь бодлогын хүү, макро эдийн засгийн төвшин бүгдийнх нь зохист харилцаа юм гэнэ. Ипотекийн зээлийн тогтолцоогоор дамжаад банкны салбарын зээлийн цар хүрээ тэлж, харилцагчдаа нэмэх нь дамжиггүй. Энэ нь Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхэд хүргэжээ.
Нэмж дуулгахад цаашдаа ипотекийн зээлийн тогтолцоог амжилттай авч явахын тулд ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарна гэж байна. Учир нь иргэн тогтмол ажилтай, орлоготой байж урьдчилгаа 30 хувиа төлж, байраа аваад сар бүр зээлээ төлөөд явах юм. Хүн 20 жилийн хугацаанд авсан байрныхаа өрийг төлж дуусгахын тулд ажил хийнэ, орлого нь хүрэлцэхгүй байвал давхар ажил хийхийг хичээнэ. Тиймээс Төв банкнаас ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэх үзүүлэхээр болсон байна. Ингэхдээ ямар салбарт хөрөнгө оруулбал ажлын байр нэмэгдэхвэ гэдгээр нь тооцож барилга, боловсруулах үйлдвэрийн салбар дахь ажлын байранд анхаарлаа хандуулах ажээ.
Мөнгөний бодлогын хүүгээс бид зээлийн хүү буурах уу, өсөх үү гэдгийг хүлээдэг. Энэ утгаараа бодлогын хүү буурахаар зээлийн хүү дагаад буурах ёстой гэсэн төсөөлөл бидэнд бий. Тэгвэл энэ нь зээлийн хүүд шууд бусаар нөлөөлөх суурийг тавьдаг байна. Өөрөөр хэлбэл, Төв банкнаас бодлогын хүүг бууруулвал банкуудын зээлийн хүү дагаад шууд буурна гэвэл бас өрөөсгөл. Харин энэ нь урт хугацаандаа арилжааны банкуудын эрсдлээ даах чадвар, зээлийн цар хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж, цаашдаа банкууд зээлийн хүүгээ бууруулдаг гэж банкирууд тайлбарлаж байна. Он гараад Төв банкнаас гурван удаа бодлогын хүүг бууруулсан бөгөөд нэг, дөрөвдүгээр сард буурсан бодлогын хүүгийн нөлөөлөл одоо мэдрэгдэж байгаа нь энэ гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлж байна лээ. Одоо банкуудын зээлийн бүтээгдэхүүнд хамгийн томд тооцогдох болсон орон сууцны ипотекийн зээл хэрэгжихээр болж байгаа нь бодлогын хүүг бууруулж ирсний үр дагавар ажээ. Тэгвэл энэ удаагийн бодлогын хүүг бууруулах шийдвэрийн үр нөлөө хэтдээ, хэдэн сарын дараа мэдрэгдэх нь.
Эдийн засгийн салбар үзүүлэлтүүд, инфляци, мөнгөний нийлүүлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, гадаад худалдааны тэнцэл зэрэг нь нэг нь нөгөөгөө нөхөж, тэжээж байдаг учраас ирээдүйд бид юу идэж, өмсч зүүж, хэрхэн амьдрах санхүүгийн орчинг аажмаар бүрдүүлдэг ажээ. Ямартай ч дотоодын макро эдийн засгийн орчин сэргэх эерэг хандлагатай байгаа талаар зарим эдийн засагчид хэлж байна.