Уэббер “Red Bull”-тэй гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Уэббер “Red Bull”-тэй гэрээгээ сунгалаа

Моторспортын элит ангилал болох “Формула-1”-ийн дэлхийн аваргыг ерөнхий дүнгээр манлайлж буй Марк Уэббер “Red Bull” багтай байгуулсан гэрээгээ нэг жилийн хугацаагаар сунгаж, 2011 оныг дуустал тус багийн нэрийн өмнөөс уралдахаар боллоо. Тэрбээр “Red Bull Racing багт үлдэх шийдвэр гаргах тун амархан байлаа. Энд надад сайхан байдаг. Багийнхантайгаа сайн харилцаатай байдаг, яг л гэртээ байгаа юм шиг. Энэ гайхамшигт багийн нэгээхэн хэсэг байна гэдэг гайхалтай” хэмээн ярьжээ.

Австралийн нисгэгч Уэбберийн хамтран зүтгэгч, 22 настай, залуу тамирчин Себастьян Веттелийн тухайд “Red Bull”-д гурав дахь жилдээ уралдаж байгаа ба 2011 онд гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь өндөрлөх юм.

Хэдийгээр өнгөрсөн сард болсон Туркийн гран-при уралдааны үеэр Веттель Уэбберийг гүйцэж түрүүлэхийг оролдсоны улмаас тэд хоорондоо мөргөлдөж, Уэббер түрүүлэх боломжоо алдаж, харин Веттель зогсоолыг зорьсон ч удалгүй эв дүйгээ ололцон, олон нийт, хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүссэн билээ.

2007 онд “Williams F1” багаас “Red Bull”-д ирсэн Уэббер тавдугаар сард болсон Испани болон Монакогийн гран-прид түрүү авсан билээ. Тэрбээр мөн Станбулд болсон гараанд “McLaren”-ы хослол болох Льюис Хэмильтон, Женсон Баттон нарын дараа гуравдугаарт бариалж, шагналын тавцанд гарснаар дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнийг ерөнхий дүнгээр тэргүүлж байгаа юм. Харин түүний багийн тухайд энэ улиралд нийт гурван гараанд түрүүлсэн бөгөөд зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөнд “McLaren”-ы дараа хоёрдугаарт жагсч байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж