Монголия Талент Нэтворк болон Монголын бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим гэсэн бизнесийн салбарынхны томоохон төлөөлөл болсон гурван байгууллага хамтран Монголд үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч эздийн талаар судалгаа хийж, хамгийн шилдэг ажил олгогч байгууллагаар Голомт банкийг тодорхойлжээ. Нийт 270 орчим компани аж ахуйн нэгжийн дунд явуулсан судалгаанаас хамгийн их санал авсан Голомт банк ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах тал дээр болон албан тушаал ахих боломжийг сайтар олгодог. Үүнд нь ч ажилтан албан хаагчид сэтгэл хангалуун, ажилдаа дур сонирхолтой байдаг гэж судалгаанд онцлон дурджээ.
Голомт банкинд шилдэг ажил олгогч байгууллага гэдэг шагналыг ийнхүү ажилчдынх нь саналаар ил тод, шударгаар олгож байгаа юм. Харин хувь хүний хөгжин дэвших, удирдан манлайлах боломжуудыг бүрдүүлсэн бусад компаниар Вагнер Ази, Хас банк, Шунхлай групп зэрэг 10 орчим томоохон байгууллагуудыг нэрлэжээ.
Энэхүү шагналыг 6-р сарын 24-ний өдөр болсон Монголын бизнесийн зөвлөлийн хурал дээр Голомт банкны тэргүүн дэд захирал Д.Мөнхтөрт гардууллаа.
Монголия Талент Нэтворк бол байгуулагдаад багагүй хугацаа өнгөрөөд байгаа хөдөлмөр зуучлалын мэргэжлийн томоохон компани юм. Энэхүү компанийн цахим хуудсыг ашиглан 100 гаруй компани ажлын байрны зараа үнэ төлбөргүйгээр олон нийтэд түгээдэг юм байна.