Монгол талаасаа нэгдүгээр хүн” гэдэгтэй адил аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын эрхлэх хүрээ далайцтай төдийгүй хариуцлагатай. Шулуун, шударга, нээлттэй байхыг нэгдүгээрт шаардах уг албан тушаалын эзэн аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батхуягтай ярилцлаа.
-Бурхан багшийн сэрэг дүр цогцолборын бүтээн байгуулалт болон Цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэлийн ажлыг аймгийн ЗДТГ-ын зүгээс хууль хяналтын байгууллага, тэр дундаа Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болоод байгаа гэсэн. Үүнээс яриагаа эхлэх үү?
-Цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын талбайн эргэн тойронд өнгөрсөн жилийн бороо, үерийн ус орж өнөөдөр хэцүү байдалд хүрсэн гэх боловч ноцтой асуудал байна. Наадмын талбайг хүлээн авсан төрийн албан хаагчид болох барилгын комисс ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан гэдэг үндэслэлээр шалгуулахаар цагдаад хандаад байгаа.
-Барилгын чанарын тал дээр ч анхаарал татаж байна. Дахин засах гэхээр татвар төлөгчдийн мөнгө урсгах гээд байх шиг?
-Тэр үнэн, татвар төлөгчдийн мөнгө л урсаад байгаа. Та бүхэн харсан байх. Цэнгэлдэх хүрээлэнг тойрсон явган хүний талбай цөмөрсөн. Хана нь цуурсан байдалтай байгаа. Үүнийг засварлах шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ дахиад л нөгөө татвар төлөгчдийн мөнгө рүү гар дүрэх болно. Та бод доо, цэнгэлдэхийн сандлыг будахад л 300 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Иймээс барилгыг хүлээн авсан комисс ажилдаа хайнга хандсан гэж үзэхээс өөр аргагүй.
-Дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан Бурхан багшийн сэрэг дүрийн бүтээн байгуулалт яг одоо ямар түвшинд байгаа вэ. Бүрэн хэмжээнд ажиллуулахад дахин дөрвөн тэрбум төгрөг хэрэгтэй гэж хариуцсан дарга нь ярьсан?
-Бурхан багшийн сэрэг дүрийн асуудал бас л ярвигтай. Төслийн эхний хувилбараар Бурхан багшийн сэрэг дүрийг алтадахаар төлөвлөсөн байгаа юм. Энэ ажилд 380 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Түүнийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК гаргасан байдаг. Гэтэл алтдах асуудал үндсэндээ хийгдээгүй. Толгой хэсгийн үсний дээд талын чого гэдэг жижигхэн газрыг л алтадсан. Үлдсэн алт хаана байна вэ гэхээр Монголбанкны Орхон аймаг дахь салбарт байгаа гэдэг. Гэтэл тэр алт нь хэрэглэж болохгүй хэмжээнд хүрсэн. Бараг л та бид хоёр ярилцаад сууж байгаа энэ өрөөнд тэр алтыг гаргаж ирвэл бидний амнаас гарч байгаа дулааны нөлөөгөөр ууршаад алга болох юм байна. Өнөөдөр энэ алт жин хэмжээгээрээ байна уу, ууршаад алга болсон уу гэдэгт ч эргэлзээ төрөхөөр. Өөрөөр хэлбэл, бурхан багшийн сэрэг дүрийг алтдах алт нь стандартын шаардлага хангахгүй болох нь илэрсэн. Тиймээс бид цагдаад хандсан юм. Цагдаагийн газраас Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүллээ гэсэн хариу өгсөн.
-Сэрэг дүрийн ажлын гүйцэтгэгчид бага ч гэсэн хэсгийг алтадсан гэдэг шүү дээ. Яагаад ажлаа цааш нь үргэлжлүүлж болоогүй юм бол?
-Алтдах ажлыг хийж байсан компанитай холбоотой асуудал үүссэн. Үнэхээр алтны хувьд асуудал байгаад цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон уу, эсвэл алтдах ажлыг чанар стандартын шаардлагын дагуу хийж чадахгүй учраас орхисон уу гэдэг нь шалгалтын явцад гарч ирнэ.
-Тохижилтын ажлыг үргэлжлүүлэх эрх зүйн үндэсгүй гэж үзэж болох уу. Ард түмний хандив, итгэл сэтгэлээр босгосон Бурхан багшийн сэрэг дүрдээ мөргөхийг хүмүүс хүлээж байгаа. Асуудал хууль хяналтын байгууллагад шилжихэд хүрсэн ноцтой байдал үүссэн гэж үзэж байна уу?
-Уг нь энэ Бурхан багшийн сэрэг дүрийг аравнайлж амилуулсан. Гэтэл зарим газраар орой хэсгээс нь цууралт өгч, ан цав гарч түүгээр нь цас борооны ус дотогшоо орж байгаа. Амилуулсан бурханд хамаагүй гар хүрч болох уу, үгүй юү, ан цавыг нь гагнах уу, яах вэ гээд олон асуудал гарч ирсэн. Энэ тухайд мөн л Авлигатай тэмцэх газраар шалгуулж байгаа.
-Үүнээс гадна өнгөрсөн жил хотын төв хэсгийг орвонгоор нь шахуу эргүүлсэн “Хүрд” компани, “Эрдэнэт амьдрал” ОНӨҮГ-ын барилгын ажлын гүйцэтгэгч “Сэргэн мандалт” группын ажлын гүйцэтгэлийн талаар байнга яригддаг. Дээрх байгууллагуудын ажлыг үргэлжлүүлэх үү?
-Бас л анхаарал татсан ажил. “Сэргэн мандалт” группын хувьд анх 700 гаруй сая төгрөгийн өртөгтэй ажил авсан байдаг. Үүнийхээ 500 гаруй сая төгрөгийг захиалагч байгууллага болох уулын үйлдвэрээс авчихаад ажил нь удааширсан. Ийм байдал үүсэнгүүт “ГОК” нэмж 182 сая төгрөг төсөвлөж суулгаад үүнийгээ аймгийн өмчид шилжүүлсэн байдаг. Энэхүү 182 сая төгрөгнөөс “Сэргэн мандалт” компанийнхан 74 сая төгрөгийг урьдчилгаа гэж авсан. Одоогоор 109 сая төгрөгийн ажлын үлдэгдэлтэй. “Сэргэн мандалт”-ынхан ажлын нь гүйцэтгэл дутуу байгаа атлаа мөнгөө нэхдэг, Аймгийн Засаг даргын зүгээс ажлаа гүйцээхийг олон удаа шаардсан. Гэтэл тэднийхэн бид 56 сая төгрөгийн гүйцэтгэлийн ажил илүү хийсэн. Энэ мөнгөө аваад гэрээгээ дуусгавар болгоё гэдэг санал тавьж байгаа. “Сэргэн мандалт”-ын энэ ажил 5-6 жилийн нүүр үзсэн. Өдийд гэрээгээрээ “Эрдэнэт амьдрал”-ын барилга баригдаад дууссан байх ёстой. Тиймээс бид энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх болсон тухайгаа дээрх компанийнханд мэдэгдсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал н.Дэлгэрмаа саяхан ирж уулзаад явсан. Нөгөө л илүү ажил хийсэн 56 сая төгрөгөө аваад гэрээгээ дуусгавар болгох саналаа хэлж байна лээ.
-Үйлчилгээний төвийн арын цэцэрлэгт жил гаруй хэвтсэн “Хүрд” компанийн хэдэн хоолой тэгээд яах болж байна. Хотын өнгө үзэмжид ч зохихгүй харагдах юм?
-“Хүрд”-ийн хувьд эхнээсээ барилгын ажлын зургаасаа л маргаантай. Зураг дээрээ сангийн хоолойныхоо дотор болон гадна талын диаметр нь хэд байх вэ гэдгээ нарийн заагаагүйгээс асуудал үүссэн. Жишээ нь, “Хүрд”-ийнхэн сангийн хоолойны дотор диаметр нь 25-тай хоолойгоор ажил хийнэ гэжээ. Гэтэл хяналтын инженерүүд үүнийг нь зөвшөөрөхгүй 35-тай байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Үүнээс үүдэлтэй маргаан үүсч, “Хүрд” компанийнхан гурван ажил зогсоосон. Хариуд нь дээрх компанийнхан сангийн хоолойнуудаа татсан зардал болох 29 сая төгрөгийг аймгаас нэхсэн. Ний нуугүй хэлэхэд тендер шалгаруулсан хүмүүс ажилдаа үнэхээр хайнга, хайхрамжгүй, хариуцлагагүй ханджээ гэдэг нь харагдаж байгаа. Хотын захирагчийн албаны өмнөх удирдлага ч нарийн шалгалгүй эрх олгосон юм билээ.
-Гуравдугаар сарын эхээр аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга тэргүүтэй удирдлага Бурхан багшийн сэрэг дүрийн байдалтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр В.Сумъяасүх дарга “Одоо бид өмнөхийгөө буруутгаад хол явахгүй. Цаашдын менежментийн тал дээр нь анхаарна” гэж байсан. Гэтэл одоо байдал арай өөрөөр эргээд байх шиг?
-Хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулаад холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг нь давхар гаргуулна. Эцэст нь эдгээр ээдрээтэй асуудал тухайн үед төрийн алба хааж байсан мэргэжилтнүүд, холбогдох албан тушаалтан ажилдаа хайнга хандсанаас болсон. Тиймээс шалгуулж үнэн мөнийг олох учиртай юм.
Эх сурвалж: http://polit.mn