Ногоон хөгжлийн бодлогыг өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Ногоон хөгжлийн бодлогыг өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор заасан юм. Энэ дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан “Ногоон соёл иргэншил” хөгжлийн үндэсний стратегийн төслийг боловсруулан өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Уг хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран “Ногоон соёл иргэншил” хөгжлийн стратегийн төслийг “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, ”Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” болгон өөрчлөн боловсруулжээ. Улмаар Засгийн газрын хуралдаанаар төслийг дэмжин УИХ-д өргөн барихаар болжээ. Баримт бичгүүдийн төсөлд Монгол Улсын баримтлах ногоон хөгжлийн үзэл баримтлал, зорилтыг 2030 он хүртэл тодорхойлж, 2020 он хүртэл авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгслийг тусгажээ. Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь нийгмийн ядуурлыг бууруулах, хүмүүсийн ахуй амьдралыг сайжруулах асуудлыг хөгжлийн гол цөм болгодог. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжлийн шийдвэр гаргахад оролцох, үзэл бодлоо илэрхийлэх, шударга ёсны эрхийг хангах зарчмыг хэрэгжүүлэхэд ихээхэн  үүрэгтэй. Мөн байгалийн нөөцөөс хамааралтай амьдардаг нутгийн иргэдийн байгалийн нөөц баялгийг хамгаалах үүрэг, үр өгөөжийг хүртэх эрхийг тодорхой болгох, нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлж, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт, хөдөлгөөнийг зогсоох, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хямралыг даван гарах чадварыг бий болгодог байна. 

Энэхүү үзэл баримтлал хөтөлбөрийг баталснаар, гадаад, дотоодын хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой хөгжилд хүрэх нэгдсэн стратеги, зорилтын хүрээнд үр өгөөжтэй зарцуулах боломжтой бөгөөд салбар дундын бодлогын уялдааг ханган ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагаанд эдийн засгийн ногоон өсөлтийн хөтөлбөрийг дэмжин, хамтран ажиллах  боломж улам өргөжинө гэж үзэж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж