Н.Золжаргал: Урьдчилгаа хэзээ ч 0 хувь болохгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Н.Золжаргал: Урьдчилгаа хэзээ ч 0 хувь болохгүй

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Намайг энэ албан тушаал дээр байгаа цагт Монголд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа хэзээ ч 0 хувь болохгүй

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр шийдвэр гаргаж, мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулан 10.5 хувь болгосон билээ. Энэ тухай мэдээлсэн хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн талаар дараах зүйлийг хэлсэн юм.

-Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг 30 хувиас бууруулах, бүр цаашлаад залуу гэр бүлийн хувьд 0 хувь болгож болох тухай зарим хүн хэлж байна шүүдээ. Яагаад 0 хувь байж болохгүй гэж?

-Урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тогтоосон нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд дарамт учруулахгүй байх, банкны салбарыг эрсдэлээс хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт юм. Хэрвээ урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгох юм бол энэ хөтөлбөр шууд зогсоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир мэдэхгүй таван хүнд 0  хувийн урьдчилгаа гэдэг нь сайхан сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ энэ мэт хариуцлагагүй, ул үндэсгүй, иргэдийн сэтгэхүйгээр тоглосон лоозон үг нь орон сууцанд бодитой орох боломжтой хэдэн мянган залуусын хүсэл мөрөөдлийг үгүй хийх хор уршигтайг иргэд эрхбиш ойлгох бизээ. Орон сууцны ипотекийн энэ удаагийн хөтөлбөр хавтгайрсан халамжийн бодлого биш, ажилтай орлоготой дундаж давхаргаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдсэн. Намайг энэ албан тушаал дээр байгаа цагт Монголд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа хэзээ ч 0 хувь болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж