Дахин нэг нярай бохирын хоолойноос олджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Дахин нэг нярай бохирын хоолойноос олджээ

Хятадад орон сууцны бохирын хоолойноос нярай хүүхэд олдсон тухай мэдээлэл дуулиан тарьсан. Гэвч Хятадын “59 дэх хүүхэд”-ийн гэх хэрэг Испанид дахин давтагджээ. Испанийн албаныхны мэдээлснээр зүүн өмнөд хэсгийн Аликанте хотын гал унтраах албанд хүмүүс муу ус зайлуулах системд муур дуугараад байна гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу гал сөнөөгчид бохирын хоолойд үзлэг хийтэл нярай хүүхдийн хамар цухуйж байсан аж. Гал сөнөөгчид тэр даруй бохирын хоолойг огтлон гялгар уутанд хийсэн нярай хүүхдийг гаргаж ирсэн байна. Хүйг нь ч таслаагүй бяцхан нярай дөнгөж амьтай байсан учраас гал сөнөөгчид эмнэлгийн тусламж ирэх хүртэл амаар нь хиймэл амьсгал хийж амийг нь аварчээ. Дөнгөж 2.1 кг жинтэй бяцхан нярай өдгөө эмнэлэгт эмч нарын хяналтанд байгаа ба биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Нярай бохирын хоолойд шидэгдэх үедээ яс нь хугарч, биедээ хэд хэдэн гэмтэл авсан байжээ.

Аликанте хотын албаныхан хүүхдийн эх 26 настай бүсгүйг тодруулан баривчилсан бөгөөд тэрээр өнгөрсөн баасан гаригт гэртээ төрж, хүүхдээ хаясныхаа дараа эмнэлэгт хандаж, тусламж авсан байжээ. Харин эмч нар түүнийг үр зулбасан гэж ойлгоод эмчилгээ хийсэн байна. Тэрээр хүүхэдтэй болохыг хүсээгүй ч жирэмсэлснийхээ дараа үр хөндүүлж чадаагүйн улмаас хүүхдээ бохирын хоолойд хаясан гэжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж