Балетчин Д.Алтанхуяг Лондонг зорино

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Балетчин Д.Алтанхуяг Лондонг зорино

Монгол бүжигчин Англи улсын нийслэл Лондон хотын Coliseum  театрт "Afternoon of Faun" буюу “Үдийн амралт“ балетад гоцлох нь ээ. Мэдээж тэр бол АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг. Тэрбээр ирэх долдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Англи улсын нийслэл Лондон хотын Coliseum  театрт тоглох "Afternoon of Faun" буюу “Үдийн амралт“ балетад гоцлох гэнэ. Мөн тэрбээр “Bella Figura” бүжигт оролцон тоглохоор бэлтгэлээ хангаж байгаа аж. Д.Алтанхуягийн ажилладаг “Бостон балет” компани 50 жилийн ойн баяраа тохиолдуулан 30 жилийн дараа аялан тоглолтоо эхлүүлж байгаа бөгөөд аялан тоглолтоо ийнхүү Английн Лондон хотын Coliseum театртаас эхэлж байгаа юм.

Сонирхуулахад Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нь Лондон дахь аялан тоглолтынхоо маргааш өдөр буюу ирэх долдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо “Монгол бахархал” тоглолтод оролцохоор эх орондоо ирнэ. “Монгол бахархал” тоглолтын онцлог нь дэлхийд танигдсан монгол балетчид багшдаа зориулсан нэгдсэн тоглолт юм. Үндэсний их баяр наадмаар буюу ирэх долдугаар сарын 14-15-ны өдрүүдэд тоглох “Монгол бахархал” тоглолтод дэлхийн олон улсаас монгол балетчид өөрийн хамтран бүжиглэгчдийн хамтаар ирж оролцох гэж байна. Дашрамд дурьдахад “Монгол бахархал” тоглолтын билетийг ДБЭТ-ын кассаар энэ зургадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн худалдаалж эхлэх бөгөөд зохион байгуулагч “Монголын балетын хөгжил сан” уламжлал ёсоороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тоглолтыг үнэ төлбөргүй үзэх эрх олгож, гэр бүлээрээ үзэж байгаа бол хүүхдэд нь тоглолтыг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх юм байна.

М.ДӨЛГӨӨН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж