тоогоор тэргүүлэв
Хүйсийн тэгш байдал, нийгмийн хамгааллаас илүүтэй бүхий л салбарт манлайлан, хариуцлагатай нийгмийг бүтээхэд өөрсдөө оролцох зорилгод нэгдсэн орон орны эмэгтэйчүүд "Шинэ эдийн засгийг бий болгох нь" сэдвийн дор Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо амжилттай чуулав. Америкийн Вашингтон хотод төвтэй Global Summit of Women / Дэлхийн Эмэгтэйчүүдийн Дээд Чуулган / байгууллагаас 23 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү чуулганд 70 гаруй орны 1000 гаруй эмэгтэй удирдагч эдийн засаг, бизнесийн талаар санал бодлоо солилцлоо.
Уламжлал ёсоор Дэлхийн Эмэгтэйчүүдийн Дээд Чуулганы ерөнхийлөгч Рина Натвидад дэлхий нийтийн хэмжээнд бизнесийн удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгааг мэдээлэхдээ Европт Франц, Азид Малайз тэргүүлж байгааг онцолсон юм. Чуулганы нээлтэд Малайз улсын Ерөнхий сайд Нажиб Разак, тэргүүн хатагтай Росмах Менсор нар үг хэлж, орой нь Куала Лумпураас цагийн зайтай байдаг Путражаяа дахь Ерөнхий сайдын цогцолбор өргөөндөө зочид төлөөлөгчдөд зориулан хүндэтгэлийн зоог барилаа.
Энд гурван өдрийн турш Олон нийт, хувийн хэвшлийн салбарт охид, эмэгтэйчүүдэд эдийн засгийн боломж олгох нь, Малайз улсад хийж болох бизнес, Шинэ эдийн засагт зохицох чадвар,Технологиор бизнесээ шинэчлэх нь, Квот, зорилт, сайн дурын санаачлага зэрэг сэдвээр дэд хуралдаанууд болж, бизнес эрхэлдэг шилдэг эмэгтэйчүүд туршлагаа хуваалцлаа.
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд өндөр хэмжээний зочид төлөөлөгчид ирсэнээс сонирхуулахад, Косовогийн Ерөнхийлөгч Атифете Жахага, Вьетнамын дэд Ерөнхийлөгч Нгуен Ти Дон болон Намиб, Лаос, Замби улсуудын тэргүүн хатагтай нар, бизнесийн байгууллагаас Пепси Коло, Боинг зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудын удирдлагууд ирж оролцсон юм.
Монгол Улсаас Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг тэргүүтэй 80 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд энэ жилийн хувьд Монгол хамгийн олон оролцогчтой орноор тодорч, Хятад, Вьетнам, ӨмнөдАфрик, Америкийг ардаа орхисон үзүүлэлтээр чуулган дээр улсынхаа нэрийг дуурсгалаа.
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганы албан ёсны гишүүн, олон улсын хамтрагч байгууллагын хувьд жил бүр чуулганд уригдаж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудлаархи санал санаачлагуудад оролцож ирсэн юм. Монгол эмэгтэйчүүд, тэр дундаа төр нийгэм, хувийн хэвшилд амжилттай ажиллаж байгаа манлайлагч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээс суралцах боломжийг өргөн тараах зорилгоор тус чуулганд эмэгтэйчүүдийг оролцуулж байна.
"Дэлхийн эмэгтэйчүүдийн Куала Лумпурын дээд чуулган дээр яригдсан асуудлаас үүдээд манай охид, эмэгтэйчүүдэд бизнес эрхэлж болох ямар боломж энэ цаг үед байж болох вэ?" гэсэн тус чуулганыг сурвалжилсан АНУ дахь МонголТелевизийн сурвалжлагчийн асуултад Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг хариулахдаа "Урьд өмнөх ажил мэргэжлээ өөрчлөөд, бүр тэтгэвэрт гарсан хойноо ч гэсэн цоо шинээр бизнес эрхлээд амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн жишээ байна. Орчин үеийн техник технологийн боломжийг ашиглаад эмэгтэй хүн шинэ чиглэлд эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах өргөн боломж нээгджээ. Нөгөө талаар нийгмийн захиалга, хүн амын хэрэгцээг мэдэрч, гадаад харилцаагаа өргөжүүлж чадвал шинэ бизнес эрхлэх боломж байна" гэжээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганы үеэр Малайзын хэвлэлүүдээр Монголтой холбоотой олны анхаарлыг татсан нийтлэл гарсан. Чуулганы төлөөлөгч эмэгтэйчүүд долоон жилийн тэртээ Малайзид амиа алдсан элэг нэгт бүсгүй Ш.Алтантуяагийн хэрэгт хариулт өгөхийг Малайзын Засгийн Газраас эх хүнийхээ хувьд шаардсан юм. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, тус холбооны гүйцэтгэх захирал Ш.Ариунаа нар чуулганыг сурвалжлахаар очсон хэвлэлүүдэд Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгаж эхлэх хэрэгтэй. Түүний эхийн хайрыг мэдрэхгүй өсч байгаа балчир хоёр хүүд санхүүгийн тусламж хэрэгтэй гээд Малайзын Эмэгтэйчүүд, Гэрбүл, Олон нийтийн хөгжлийн Яамыг энэ асуудалд онцгой анхаарал тавихыг хүслээ. Нэгнийхээ төлөө яваа монгол эмэгтэйчүүдийн тухай энэ өдрүүдэд Малайзын телевиз,сонин хэвлэлээр "жирийн малайзууд монголчуудаас ч илүүтэйгээр энэ хэрэгт хэн буруутайг тогтоохыг хүсдэг" хэмээн мэдээлжээ.
Эрхэм уншигч, үзэгч та бүхэн Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганаас хийсэн АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлгийг Монголд болон Америкт ойрын өдрүүдэд үзэх болно.
сэтгүүлч Ц.САРАНТУЯА