“Камертон” 18 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

“Камертон” 18 нас хүрлээ

Өнөөдөр “Камертон” хамтлагийн 18 жилийн түүхт ой тохион тэд эрийн цээнд хүрлээ. Түүхийн хуудсыг эргүүлэхэд 18 жилийн тэртээх энэ өдөр хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй. Рок, попын ертөнцөд тэд өөрсдийн байр суурийг эзлэн олон хит дуунуудыг эгшиглүүлсэн бөгөөд тэдний анхны уран бүтээлүүдийн нэг “18” нас дуу өнөөдрийг хүртэл залуусын дунд дуулагдсаар байгаа юм.

Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш арван цомог гаргаж, 14 тоглолт хийж, “шилдэг поп хамтлаг”, “шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын “шилдэг хамтлаг”, “шилдэг цомог”,  “Пентатоник” наадмын “шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарсан гээд тэдний шагналын буухиа үргэлжилнэ.

Өнгөрсөн жил тэд “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Камертон 2” шоуг 720 гаруй залуусын дунд амжилттай зохион байгуулан өөрсдийнхөө шинэ өрсөлдөгчдийг өлгийдөн авсан. “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тус хамтлагийн продюсераар ажиллаж байгаа ба тэд  одоогоор шинэ хамтлагтаа хараахан эцэслэн нэр өгч амжаагүй байна. Харин шинэхэн “Камертон” хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан залуус гадаад хэлний боловсролдоо анхаарахаар Сингапурын зорьсон аж. Тун удахгүй “Камертон” хамтлагийнхан шинэ цомог, шинэ тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзана гэдгээ дуулгаасан шүү.  Хамтлагийнхаа төрсөн өдрийг фенүүдтэйгээ нижгэр хийхээр төлөвлөөд байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульт ажил давхцсан тул хэсэг хугацаагаар хойшлуулсан аж. Тиймээс удахгүй худалдаанд гарах цомогт нь “Камертон 2” шоуны ялагч дөрвөн залуутай хамтран дуулсан уран бүтээл нь ч багтсан аж. Мөн тэд зөвхөн фенүүдтэйгээ 18 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ гэдгээ амласан юм.

 Төрсөн өдрийн мэнд хүргэе, “Камертон”

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж