ШУТИС-ийн багш нарын хувьд 2005 оноос эхлэн жил бүр “Тэнхлэг” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба 2008 онд БНХАУ-н Өвөр Монголын Өөртөө засах орны Урлагийн их сургууль, 2010 онд Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуульд тус тус гаргаж байсан юм. Уг сургууль нь дизайны мэргэжилтэнг Монголд бэлтгэж эхэлсэнээс хойш 20-иод жил болж байгаа юм.
Хүний амьдарч буй орчинг соёл гэвэл урлаг нь бидний мөрөөдөл хүсэл эрмэлзлэлийг илэрхийлдэг харин дизайн бол бидний өдөр тутмын амьдралын гоо сайхан, гоо зүйг мэдрүүлэн, хүнд таатай орчинг бүрдүүлэхэд оршдог бол уу. Иймд уг үзэсгэлэнд ямарваа нэгэн тодорхой сэдвээр хүрээгээ хязгаарлаагүй аж. Тиймээс уг үзэсгэлэнд өөрийн мэргэжил, эзэмшсэн арга барилын онцлогийг харуулсан дизайны хэвлэмэл бүтээлүүд, монгол зураг, абстракт, реалист уран зураг, уран баримал гэх мэт олон төрлийн бүтээлүүд нэгэн орон зайд оршиж байгаа гэнэ. Уран бүтээлч бүр өөрийн өнгө аястай, дүр төрхтэй бөгөөд зураач дизайнер багш нарын хувьд хийсвэр болон бодит байдлыг хослуулан хурц тод өнгөөр тоглож өөрийн дотоод ертөнцийг чөлөөтэй илэрхийлсэн бүтээлүүд тавигдсан сонирхолтой үзэсгэлэн болж байгаа талаар зохион байгуулагчид нь дуулгасан шүү.
“Mongolia and Korea international exchange exhibition” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал Монголын уран зургийн галерейд үргэлжилнэ.