Зарим ХК-ийн бүрэн эрх дуусгавар болохыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2013.06.23-нд нийтлэгдсэн

Зарим ХК-ийн бүрэн эрх дуусгавар болохыг анхааруулав

Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаат компаниуд хувь эзэмшигчдийн хурлаа хийж, тайлан, шийдвэрийг зургадугаар  сарын 1-ний дотор Санхүүгийн зохицуулах хороонд  ирүүлэх ёстой юм байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар тус хороонд 151 хувьцаат компанийн удирдлага хувь нийлүүлэгчдийн хурлын материал, шийдвэрээ ирүүлээгүй ажээ. Үүнээс нэр дурдсан 96 хувьцаат компани нь үнэт цаасны арилжааг нь зогсоосон компаниуд байгаа тухай албаныхан мэдээллэв. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийнхаа бүхий л мэдээллийг энэ үеэр авч, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчид ч гүйцэтгэх удирдлагатай  уулзан, сонирхсон асуултандаа хариулт авах боломж бүрддэг ажээ. Тиймээс нийтлэг эрх  ашгийг хөнддөг энэ хурлыг хийгээгүй тохиолдолд ийнхүү хуулийн дагуу удирдах, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авдаг байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хороо хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг ирүүлээгүй эдгээр ХК-иудыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дах заалтад зааснаар компаниудын ТУЗ-ийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийгээгүй нэр бүхий компаниудын ТУЗ-ийн гаргасан шийдвэрүүд, ТУЗ-тэй байгуулсан гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж буй гүйцэтгэх захирлын тухайн компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь дуусгавар болох хууль зүйн үндэслэл бүрдсэн учраас гүйцэтгэх захирлын хийсэн хэлцлүүд эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус болох үр дагавартайг албаныхан анхаарууллаа.

Хувьцаа эзэшигчдийн хурлаа хийгээгүй, зарим бүрэн эрх нь дуусах компаниудын нэрсийг ЭНД дарж харах боломжтой.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж