Өнөөдөр “Олимпийн өдөр”

Хуучирсан мэдээ: 2013.06.23-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Олимпийн өдөр”

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт спортын их бүлийнхэн “Олимпийн өдөр”-өө тэмдэглэж байна. Өдгөөгөөс 63 жилийн өмнө буюу 1948 оны нэгдүгээр сард Санкт-Морицед болсон ОУОХ-ны 42 дугаар чуулганаар жил бүрийн зургадугаар сарын 23-ныг олимпийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. Учир нь 1894 оны эл өдөр Пьер де Кубертен Парист Олон улсын тамирчдын конгресс дээр алдарт илтгэлээ тавьж, орчин үеийн олимпийн наадмыг зохиох санал гаргасан нь олны дэмжлэгийг хүлээж, 1896 онд Грекийн Афин хотноо зуны олимпийн анхдугаар наадам зохиогдсон түүхтэй. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх ерөөлтэй олимпизм Монгол орны хөрсөнд соёолоод даруй тавь гаруй жилийн нүүр үзжээ.

Сансрын хөлөг, онгоц, машин, компьютер, техникийн хурд хүчийг биш харин хүн төрөлхтөн өөрийнхөө гайхамшгийн хязгаарыг хэмжиж, шинэ рекорд, амжилтыг нээдэг спортын гайхалтай агшин олимпийн талбарт өрнөдөг. Авьяас чадвар, хурд хүч, тэсвэр тэвчээрийн эцсийг хэмжих энэ өрсөлдөөн дунд монгол хүн хаанахын хэнээс ч юугаараа ч дутахгүй гэдгээ харуулдаг болохоор монголчууд бид бахархал, омогшлоо бадраах гэж тамирчдынхаа амжилтыг тэсэн ядан хүлээдэг. Монголчуудын олимпийн түүхийг эхлүүлсэн Токиогийн олимпийн жим, монгол хүн олимпийн анхны медалийг энгэртээ гялалзуулсан Мехикогийн олимп, Монголын тамирчид алтан соёмбот далбаагаа тэртээ дээр мандуулсан Бээжингийн олимп гээд бидний бахархал их ээ.

Монгол Улсын төрийн далбааг анх удаагаа олимпийн тэнгэрт тэртээ дээр мандуулсан Ч.Дамдиншарав /Мехикогийн олимпиос хүрэл медаль хүртсэн/, Монгол төрийн дууллыг Бээжингийн тэнгэрт эгшиглүүлсэн Н.Түвшинбаяр, аваргын алтан медалийг ихэрлүүлсэн Э.Бадар-Ууган аварга гээд монголчуудын үе үеийн олимпийн түүхэнд нэрээ мөнхөлж, монгол түмний бахархал болсон тамирчдадаа Олимпийн өдрийн мэндийг уламжилъя.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж