Гандангийн номын санд эртний судар бичгүүдээс эхлээд сая гаруй ном хадгалаастай байдаг ч стандартын дагуу хамгаалж чаддаггүй, хөрөнгө санхүү хүрэлцэхгүй байгаа талаар манай сонин өмнө нь хөндөж байсан. Тодруулбал, “Өдрийн шуудан” сонины тавдугаар сарын 8-ны лхагва гаригийн дугаарт “Торгоор өлгийдсөн үнэт өв” сурвалжлага нийтэлсэн билээ. Тэгвэл энэ сурвалжлагын дараа Гандангийн номын санг засварлах мөнгө шийдэгдсэн гэх таатай мэдээ ирлээ. Энэ мэдээллийн дагуу бид Гандангийн номын санг зорьсон юм.
Гандантэгчинлин хийдийн номын сангийн гаднах алтан шаргал хашааны хаалгаар орж, гарах хүмүүсийн хөл үл тасрах. Дотогш ормогц л арц, хүжийн үнэр хамар цоргиж Номын сангийн зүүн хойно орших жижиг дуганы үүдэн дэх сангийн бойперийн дэргэд сүсэгтнүүд шаваатай байх. Энэ хийдийн хамгийн эл хул хэсгийг Алтанганжуур хурдаг өргөө гэж болох бөгөөд түүний хажууханд номын сан нь байрладаг юм. Манай сурвалжлах хэсгийг өчигдөр очиход бидэнтэй зөрсөн лам болгон Бид “ЮНЕСКО-гийн хуралтай” хэмээн яарч яваагаа учирласан. Харин Номын сангаар нь орвол гурван лам үүдэнд нь байсан юм. Тэднээс номын санч байгаа эсэхийг лавлабал “Орж ирээд хэрэгтэй мэдээллээ ав” хэмээн урилгахан зөвшөөрлөө. Залуу лам номын санчаар ирээд хоёр долоо хонож байгаа гэнэ. Элдэв өнгийн торгоор баринтаглаж жирийтэл өрсөн ном судрууд хээ угалз болсон модон шүүгээнүүдээр дүүрэн. Заримыг нь чамбайлан лацдасан нь нүдэнд тусах. Эгнүүлэн тавьсан шилэн хоргон дотор хамгийн том хөлгөн судар болох Алтанганжуурын гар бичмэл Жадамбаас эхлээд хамгийн жижиг буюу шүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй судар хүртэл харагдаж байсан. Хамгийн жижиг судрынхаа нэрийг номын санч нь сайн мэдэхгүй гэдгээ хэлнэ билээ. Харин зүүн талд нь хоёр шүүгээ дүүрэн номыг лацдаад тавьчихсан байх юм. Номын санч залуугаас учрыг нь лавлабал “Улсын комисс жил бүр тоолж лацаддаг. Саяхан ирээд тоолоод лацадчихаад явсан. Манай улсын хамгийн ховор нандин номууд байдаг болохоор улсын бүртгэлтэй” гэлээ. Лацадсан номноос хэрэглэх болбол яах вэ гэж асуувал “Улсын комиссынхонд ханддаг. Тэд ирээд тоолж хүлээлгэж өгдөг” гэсэн. Мөн хэдий үед хэн зохиосон нь тодорхойгүй судар бичиг цөөнгүй байдаг тухай хариуцдаг хүмүүс нь ярьж байлаа. Гараар бичсэн судруудаа цахим хэлбэрт оруулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Бүх судар бичгүүдээ цэгцэлсний дараа олны хүртээл болгохоо ч дуулгалаа. Номын санг засварлах мөнгийг ЮНЕСКО даахаар болсон бөгөөд 36 мянган ам.долларын буцалтгүй тусламж өгөхөөр болжээ. Гэвч одоохондоо засварын ажлаа эхлээгүй байна. Номын сангаа ямар зохион байгуулалттай болгох вэ гэдэг талаараа судалж байгаад ханцуй шамлан ажилдаа орох юм байх. Олон улсын стандартад нийцсэн шүүгээ, тавиураар гоёсныхоо дараа зорьж очсон хүн бүрт хаалгаа нээхээ номын сангийнхан амлав. Харин дэлхийд байхгүй есөн ховор ном байдаг талаар тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Ес байтугай хавьгүй олон ном байгаа гэдгийг номын санч нь яриандаа цухас дурдсан. Номын сангаас гараад Гандангийн аялал жуулчлал хариуцсан менежер Мөнхбаатартай холбогдож ховор нандин есөн номын талаар асуувал “Манай номын санд дэлхийд ховор бүтээл байхгүй” гэсэн юм. Ярианаас нь анзаарахад дэлхийд байхгүй гэдгийг нь хараахан тогтоогоогүй ч ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхсэн эртний судар бичгүүд цөөнгүй бий аж. Ийм ч учраас ЮНЕСКО анхаарлаа хандуулахаар болж судар бичгүүдийг хадгалах, хамгаалах төсөл хэрэгжүүлж эхлээд буй. Энэ сарын 11-нд төслийн нээлтээ хийж Нидерланд улсын хунтайж Клаус Сангийн дэмжлэгтэйгээр номын санг засварлаж тохижуулахаар болсон нь яах аргагүй таатай мэдээ юм.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
