Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан байна. Өнөөдөр “Хунт нуур” балетын үзэсгэлэнт Одетта гүнжийн дүрд театрын шинэ хун хэмээгдэж байсан Б.Саруул бүжиглэх бөгөөд хар хунд мөн тоглох юм. Харин түүний дурлалт залуу ханхүү Зигфридэд О.Ганцоож, Ротбарт хар санаат шидтэнд А.Өлзий-Орших, Хатан хаанд Ш.Оюунтуяа, алиа салбадайд Т.Хан-Очир, Вольфанг ордны хүмүүжүүлэгчид Ардын жүжигчин О.Ганбаатар, па де труад Б.Пүрэв-Очир, Б.Баасансүрэн, М.Мөнхтуая том хунд Б.Энхтуул, Б.Баасансүрэн, М.Мөнхтуая, жижиг хунд Г.Батчимэг, Б.Алтаннамар, Ж.Ханбулнай, О.Анужин нар тус тус тоглоно. Харин симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдах юм.
Харин маргааш тайзнаа “Тоска” дуурь амиллах бөгөөд Тоскад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Каварадоссид Д.Эрдэнэ-Очир Скарпъя гүнд гавьяат жүжигчин Э.Амартүвшин анх удаа тоглох юм.
Сонирхуулахад, ДБЭТ-ын энэ амралтын өдрийн тоглолтуудын симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд Австриас ирсэн зочин хөгжимчид аялгуу нэмэн хөгжимдөнө гэсэн шүү.