Хөгжлийг хөдөөнөөс өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Хөгжлийг хөдөөнөөс өрнүүлж байна

“Нутгийн
их бүтээн байгуулалтын ажилд оролцож, үеийн залуустай мөр зэрэгцэн
ажиллаж байгаадаа баяртай байна. Анхандаа алс хязгаар хөдөөгийн сумыг
дөрөвхөн сарын хугацаанд шинэчлэн барина гэдэгт үнэндээ итгээгүй. Харин
одоо бүтээн байгуулалтынх нь ажилд гар бие оролцоод, ажлаа хугацаандаа
дуусгахаар шаргуу ажиллах залуусаа хараад удахгүй шинэ сумын төвтэй
болох нь гэж итгэл дүүрэн байна” гэж Баянхонгор аймгийн Баянлиг сумд
баригдаж буй иж бүрэн байгууламж дээр ажиллаж буй нутгийн залуус ярьж
байна. Тус суманд 20 ортой, хоёр давхар эмнэлэг, 650 хүүхдийн
багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн
дотуур байр, захиргаа, спорт заалны барилгын ажил ид өрнөж байна. Шинээр
баригдаж буй сумын барилгын ажилд 250 орчим ажилтан байгаагийн 100
орчим нь орон нутгийн буюу Баянлиг сумын иргэн байгаа гэнэ. Хоёр ээлж
болон 24 цагаар ажиллах ч өсч, төрсөн нутгийнхаа бүтээн байгуулалтад
оролцож буйдаа нутгийн иргэд ийнхүү баяртай байна.

Шинэчлэлийн
Засгийн газрын хөгжлийг хөдөөнөөс эхлэх бодлого, “Шинэ сум” төсөл
Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж эхэлсээр ийнхүү нөр их бүтээн
байгуулалтын ажил эхэлсэн байна. Ердөө сарын өмнө буюу тавдугаар 20-нд
ажил нь эхэлсэн гэхэд итгэмээргүй хурдан баригджээ. Биднийг очих үеэр л
гэхэд нэг хоногийн хугацаанд 20 ортой эмнэлгийн хоёр давхрын ханыг
бариад, сургуулийн суурийг цутгачихаж байгаа харагдсан. Шугам сүлжээний
асуудлыг ерөнхийдөө шийдсэн гэнэ. Одоогийн байдлаар 1 цагт таван тонн ус
татах чадалтай гүний худгаар усны асуудлаа шийдэхээр 1,6 километр шугам
сүлжээний хоолойг барьж байгуулжээ. Мөн цэвэр, бохирын цэвэрлэх
байгууламжийг барихаар бэлтгэж байгаа юм. Сар гаруйхан хугацаанд өрнөж
буй ч “Барилгын ажлын хамгийн чухал хэсэг суурь цутгах ажил 90 гаруй
хувьтай байна” гэж барилгын ажлыг гүйцэтгэгч “Их модун” ХХК-ийн
гүйцэтгэх захирал Б.Цогтсэргэлэн хэллээ. Харин хоёр давхар эмнэлгийн
барилгын ажил бараг дуусч байна. Одоо засал чимэглэл, сантехникийн
ажлуудыг хийх дутуу болжээ гэхээр харагдана.

Баянлиг, Бууцагаан
сумдын энэхүү шинэ барилгууд Канад улсын технологийг Монгол орны орчин
нөхцөлд тохируулан барьж буйгаараа онцлогтой. Канад технологийн модон
барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн их
тохирсон байдгаараа онцлогтой гэнэ.

Их говьд өрнөж буй бүтээн
байгуулалтын ажлын явцтай УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд
Х.Баттулга, УИХ-ын Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа болон Баянхонгор аймгийн удирдлагууд зургаадугаар сарын
19-20-ны өдрүүдэд танилцлаа. Энэ үеэр Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд
Х.Баттулга,

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа олон
бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын нэг нь хөдөө орон
нутгийг хөгжүүлэх “Шинэ сум” төсөл юм. 2013 оны төсөвт манай Баянхонгор
аймгийн хоёр сум энэхүү “Шинэ сум” төсөлд хамрагдсан. Ингээд тавдугаар
сарын 3-нд тендерийн шалгаруулалт явагдаж, тавдугаар сарын 20-ноос эхлэн
барилгын ажил эхэлсэн байгаа. Барилгын ажил эхэлснээс хойш сарын
хугацаа өнгөрөөд байна. “Шинэ сум” төсөл бол сумыг цогцоор өөрчилж
байгаа. Баянлиг сум бол Улаанбаатар хотоос нилээд зайтай, говийн
алслагдсан сумуудын нэг. Шинээр ашиглалтад орох Баянлиг сум бусад сумдад
тохиолдох асуудлуудаа бас шийдэх боломжтойгоор онцлогтой юм. Сумын
барилгыг барьж буй канад технологийн үйлдвэр манай улсад байдаггүй юм.
Тиймээс бид хятад руу захиалга өгч, маш холоос материалаа тээвэрлэж ирж
байна. Тиймээс цаашид орон нутгийн ийм төрлийн барилгын материалын
үйлдвэрүүдийг баруун, төв, зүүн бүсүүдэд байгуулах юм. Ингэснээр бид
өртөг маш ихээр хэмнэнэ. Одоо бол тээврийн зардал, гаалийн татварт маш
их зардал гаргаж байна. Энэхүү “Шинэ сум” төслөөрөө хот хөдөөгийн
амьдралыг ойртуулах зорилготой юм. Өнөөдрийн байдлаар манай улсын сумд
80, 90, бүр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гэтэл дотроо бие засах
газар ч алга байна. Залуу хүмүүс чинь ямагт сайхан амьдрал руу тэмүүлж
байдаг шүү дээ. Хэрвээ орчинг нь хөгжүүлээд эхлэх юм бол их, дээд
сургуулиа төгссөн залуу боловсон хүчин орон нутагтаа ажиллах боломж
бүрдэнэ. Ингэснээр орон нутагт тулгамдаж буй боловсон хүчин,
Улаанбаатарт төвлөрсөн хүн амын нягтаршлын асуудал шийдэгдэх боломж,
давуу талууд бий” гэдгийг онцолсон юм.

Мөн Баянлиг сумын Засаг
дарга С.Амарсанаа “Хөдөө орон нутгийг хөгжүүлэх тал дээр анхаарал тавьж
эхэлсэн энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна. Манай нутгийн иргэд цаг
нартай уралдан төслөө хурдан хэрэгжүүлж, энэ хоёр сумаа жишиг сум
болгохоор ажиллаж байгаа. Говь нутгийн хүн зоны амьдралд нөлөөлөх чухал
зүйл болж буй “Шинэ сум” төсөл манай сумд ажиллаж амьдрах олон гэр
бүлийг дуудах байх гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Энэхүү бүтээн
байгуулалтын үр дүнд тус сумд шинэ технологи нэвтэрч, орон нутгийн
иргэдийг ажлын байраар хангах, хот руу шилжих их нүүдлийг сааруулах гээд
олон давуу тал бий. Тиймээс ч орон нутгийн  иргэд, удирдлагууд,
барилгын ажлыг гүйцэтгэгч компаниуд нэг зорилготой урам зоригтойгоор
ажиллаж байна.

Харин бараа материалаа татахад асуудал тулгарч
байгааг хэлж байсан юм. Баянхонгор аймгийн Баянлиг сум Улаанбаатар
хотоос 800 км, Хятадын хилээс 300 км-ийн зайд оршдог учраас барилгын
материалаа татахад олон хоног зарцуулах, говийн элсэрхэг газар хүнд
ачаатай машин явахад элсэнд суух зэрэг бэрхшээл гарч байгаа аж. Мөн
Бууцагаан сумын бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа “Их модун”
компанийн 10 машин өнгөрсөн өдрүүдэд хил дээр саатсанаас барилгын ажлыг
хойш татах зэрэг асуудал үүсч байгаа гэдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн
сайд Х.Баттулгад тус компанийнхан хэлж байв. Хэдийгээр энэ мэт асуудал
тулгарч байгаа ч ажлаа цаг хугацаанд чанартай гүйцэтгэнэ гэдэгтэй
итгэлтэй байгаагаа шинэ Баянлиг сумыг байгуулж буй “Их Модун” ХХК-ийн
ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн хэллээ. 

Харин бүтээн
байгуулалтад саад учруулахгүйгээр ажиллах нөхцөл бүрдүүлнэ гэдгийг
Х.Баттулга сайд хэлж, ажил ахицтай байгааг үнэлсэн юм.

Ийнхүү монгол орны хөгжлийг хөдөөнөөс өрнүүлж байна.

Баянхонгор
аймгийн Баянлиг сум, нутгийн хөдөлмөрчин иргэдийн амьдрал, ид өрнөж буй
бүтээн байгуулалтын ажил, Өмнөговь, Өвөрхангай аймгийн шинэ сумын
барилгын ажлын явцтай танилцсан сэтгэгдэл, Үйлдвэр хөдөө, аж ахуйн яам
болон Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийн ажлын явцын талаарх
дүгнэлтийн талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг тун удахгүй уншигчиддаа
хүргэх болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж