Хорон санаат “Хөгшин эр”

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хорон санаат “Хөгшин эр”

Та бүхэнд нэгэн хорон санаатын талаар өгүүлье.  1958 онд Английн Лондонгийн жирийн нэгэн гэр бүлд ирээдүйд хүмүүсийг ихээхэн айлгаж цочоосон, мафийн толгойлогч, цус сорогч, хүн төрөлхтөнийг устгахыг санаархагч хорон санаат мэндэлсэн нь нэрт жүжигчин Гэри Олдмэн байлаа.
Сөрөг дүрийн мастер хэмээн алдаршсан Холливудын од, алдарт жүжигчин тэрбээр гагнуурчин аав, гэрийн үйлчлэгч ээжийн гэр бүлд төрж өссөн. Дунд сургуулиа төгсөөд тэр үеийн америк залуусын ихэнхийн мөрөөдөл болсон Клинт Иствудыг шүтэж давхисаар байгаад драмын коллежид элсэн суралцаж жүжигчний зам мөрийг эргэлт буцалтгүй хөөхөөр шийдсэн гэдэг. Дээр хэлсэнчлэн тэрбээр цус сорогч, мафийн толгойлогч гээд дандаа л эсрэг дүрийн баатраар олны танил болсон ч өөрөө эерэг дүрийн баатруудыг шүтдэг, уянгын сэдэвт киноны дурлалт залуу, аймшиггүй зоригт баатрын дүр бүтээхийг хүсэж явдаг нэгэн. Харамсалтай нь түүний хувьд яагаад сөрөг дүр бүтээгээд байдаг учраа өөрөө ч олохоо байсан гэнэ. Хэзээ нэгэн цагт энэ асуултынхаа хариуг өгч мэдэх ч энэ талаар асуусан сэтгүүлчдийн хариултад ихэвчлэн мөрөө хавчаад л өнгөрдөг нэгэн. “Хүн дуртай зүйлээ хийх албагүй” гэж этгээд хариулт түүнийх.
Нэрт жүжигчин маань уран бүтээлийн гараагаа 1981 оноос эхэлсэн. Алдар нэр түүний халаасанд 1986 онд “Сид Нэнси” киноны панк рок од Сид Вишисийн дүрийг бүтээснээр орж ирсэн гэдэг. Одоо эргээд харахад Гэри Олдмэний бүтээсэн дүр мөн эсэхэд эргэлзмээр уяхан дүр байдаг. Гэхдээ тэр рок залуугийн дүрээр “Премьер” сэтгүүлийн бүх цаг үеийн шилдэг 100 дүрийн 62-т, “Анкат” рок сэтгүүлийн шилдэг 10 рок дүр-ийн нэгээр тодорч байжээ.   Үүнийхээ ачаар тэр холливудад дуудагдсан юм.
Холливудад орсон цагаасаа хойш тэр дүрийг машиндаж өгөх болов. Хоёр ч инээдмийн кино, 3, 4 триллерт дүр бүтээлээ. Нэг л явцгүй. Мэргэжилтнүүдийн дүгнэж хэлснээр нөгөө гайхалтай  дүрийн гаргалгаатай жүжигчин хааччихав. Эсвэл найруулагч нар түүнд оносон дүрийг өгөхгүй байна уу. Хариултыг ч онолоо. Үнэхээр түүнд эерэг дүр зохихгүй байжээ.
1991 онд Розенкранцын дүр, 1992 онд ерөнхийлөгч Кеннедигийн алуурчин Ли Харви Освальд, 1992 онд алдарт Брэм Стокерийн Дракула гүнгийн дүрээр дэлгэцнээ жинхэнэ тэсрэлт хийж өөрийгөө хэн гэдгээ харуулж чадлаа.
Одоо л Гэри Олдмэн гэгч хэн болохыг, ямархуу гайхалтай жүжигчин болохыг хүмүүс харж эхлэв. Алдарт найруулагч Фрэнсис Форд Коппола хэлэхдээ “Би Дракулаг хийхээр шийдээд байхдаа нэг өдөр цус сорогч гүнгийн дүрд энэ олон жүжигчдээс хэн миний дотор сэтгэгдлээ төсөөлсөн шиг хувирч чадахыг бодож үзлээ. Хариултыг нь ч тун удалгүй олсон юм. Гэри Олдмэн бол сөрөг дүрийн төрөлхийн агуу авьяастай хүн” гэж хэлсэн байдаг.  Бас Квентин Тарантино ч нэгэнтээ “Фрэнсис Форд Коппола найруулагчтай Энтони Хопкинс, Киану Ривс, Уайнона Райдер гол дүртэй хамгийн гол нь Гэр Олдмэнтэй хоррор ямар гайхалтай байсан гээч, би тийм кино л хийхийг хүсдэг” хэмээн дуу алдсан байдаг.
Гэри Олдмэн хэр баргийн кино зохиолыг буцаагаад чулуудчихдаг адайр ааштай нэгэн. Энэ хэрээрээ 1990-2000 оны хооронд түүний тоглосон дүр болгон үзэгчдийн сэтгэлд хоногшиж, хайр хүндэтгэлийг нь татаж чадаж байв. Та бүхэн санаж байна уу. Жан Рено, Натали Портмантай “Мэргэжилтэн” кинонд, Дэми Муртай “Скарлетын захидал”-д дүр бүтээж “Үхэшгүй мөнхийн хайр”-д суут Бетховенийг амилуулан, “Тав дахь элемент” кинонд дэлхий ертөнцийг устгахыг санаархагч болж, “Ерөнхийлөгчийн онгоц”  кинонд террорист болон Америкийн ерөнхийлөгчийгбарьцаалдаг. “Сансарт гээгдэгсэд” киногоор түүний 1990-2000 оны хамгийн гайхалтай карьер төгсгөл болсон байдаг. Тэр хийдгээ хийжээ.
Гэсэн ч зүгээр суусангүй. 2000 онд “Өрсөлдөгч”, 2001 онд “Хэн нэгний хүүхэд” киноноос эхлэн өдгөөг хүртэл “Харри Поттер”-ын бүх цуврал, “”Бэтмен эргэж ирсэн нь”, “Бэтмен-Харанхуйн хүлэг баатар” кинонуудыг гайхамшигтай дүрүүдээрээ чимэглэж байна.
Харин өнгөрсөн 2009 онд авьяаслаг жүжигчин маань хүүхдүүдэд зориулан “51-р ертөнц” “Зул сарын дуу” хүүхэлдэй кинонд дуу оруулан уран бүтээлийнхээ түүхийг үргэлжлүүлэн бичиж байна. Энэ жил харин “Элигийн ном” хэмээх кинонд тоглосон ч олны таашаалд нэг их нийцсэн бүтээл болсонгүй бололтой. Харин ирэх 2011 онд жүжигчин маань уран бүтээлийн олз омог арвинтай байх нь. Тэрбээр ирэх жил нээлтээ хийх гурван ч кинонд дүр бүтээж байна. Гурвуулаа гайхалтай. Юу вэ гэвэл Харри Поттерийн дараагийн ангид Сириус Блэкээрээ бид бүхэнтэй уулзах нь. Мөн “Үндэсний баялаг” киноны гуравдугаар ангид Николас Кейжтэй нүдэлдэх нь. Сүүлийнх нь маш сонирхолтой.  “Кунгфу Панда” киноны хоёрдугаар анги ирэх жил нээлтээ хийнэ гэдгийг дуулаагүй хүн байвал сонордуулчихья. Энд Пандагийн дууг Жек Блэк, дуу оруулж байгаа бол бусдад нь Гэри Олдмэн, Жан Клод Ван Дамм, Дастан Хооффман, Анжелина Жоли, Жеки Чан, Люси Лиу, Мишель Йо нар дуу оруулжээ. Оддын чуулган гэж үүнийг л хэлдэг байх даа. Тэдний дунд алдарт Гэри Олдмэн маань бас л сөрөг дүрд нь дуу оруулж буй.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж