


Холливудад орсон цагаасаа хойш тэр дүрийг машиндаж өгөх болов. Хоёр ч инээдмийн кино, 3, 4 триллерт дүр бүтээлээ. Нэг л явцгүй. Мэргэжилтнүүдийн дүгнэж хэлснээр нөгөө гайхалтай дүрийн гаргалгаатай жүжигчин хааччихав. Эсвэл найруулагч нар түүнд оносон дүрийг өгөхгүй байна уу. Хариултыг ч онолоо. Үнэхээр түүнд эерэг дүр зохихгүй байжээ.

Одоо л Гэри Олдмэн гэгч хэн болохыг, ямархуу гайхалтай жүжигчин болохыг хүмүүс харж эхлэв. Алдарт найруулагч Фрэнсис Форд Коппола хэлэхдээ “Би Дракулаг хийхээр шийдээд байхдаа нэг өдөр цус сорогч гүнгийн дүрд энэ олон жүжигчдээс хэн миний дотор сэтгэгдлээ төсөөлсөн шиг хувирч чадахыг бодож үзлээ. Хариултыг нь ч тун удалгүй олсон юм. Гэри Олдмэн бол сөрөг дүрийн төрөлхийн агуу авьяастай хүн” гэж хэлсэн байдаг. Бас Квентин Тарантино ч нэгэнтээ “Фрэнсис Форд Коппола найруулагчтай Энтони Хопкинс, Киану Ривс, Уайнона Райдер гол дүртэй хамгийн гол нь Гэр Олдмэнтэй хоррор ямар гайхалтай байсан гээч, би тийм кино л хийхийг хүсдэг” хэмээн дуу алдсан байдаг.
Гэри Олдмэн хэр баргийн кино зохиолыг буцаагаад чулуудчихдаг адайр ааштай нэгэн. Энэ хэрээрээ 1990-2000 оны хооронд түүний тоглосон дүр болгон үзэгчдийн сэтгэлд хоногшиж, хайр хүндэтгэлийг нь татаж чадаж байв. Та бүхэн санаж байна уу. Жан Рено, Натали Портмантай “Мэргэжилтэн” кинонд, Дэми Муртай “Скарлетын захидал”-д дүр бүтээж “Үхэшгүй мөнхийн хайр”-д суут Бетховенийг амилуулан, “Тав дахь элемент” кинонд дэлхий ертөнцийг устгахыг санаархагч болж, “Ерөнхийлөгчийн онгоц” кинонд террорист болон Америкийн ерөнхийлөгчийгбарьцаалдаг. “Сансарт гээгдэгсэд” киногоор түүний 1990-2000 оны хамгийн гайхалтай карьер төгсгөл болсон байдаг. Тэр хийдгээ хийжээ.

Харин өнгөрсөн 2009 онд авьяаслаг жүжигчин маань хүүхдүүдэд зориулан “51-р ертөнц” “Зул сарын дуу” хүүхэлдэй кинонд дуу оруулан уран бүтээлийнхээ түүхийг үргэлжлүүлэн бичиж байна. Энэ жил харин “Элигийн ном” хэмээх кинонд тоглосон ч олны таашаалд нэг их нийцсэн бүтээл болсонгүй бололтой. Харин ирэх 2011 онд жүжигчин маань уран бүтээлийн олз омог арвинтай байх нь. Тэрбээр ирэх жил нээлтээ хийх гурван ч кинонд дүр бүтээж байна. Гурвуулаа гайхалтай. Юу вэ гэвэл Харри Поттерийн дараагийн ангид Сириус Блэкээрээ бид бүхэнтэй уулзах нь. Мөн “Үндэсний баялаг” киноны гуравдугаар ангид Николас Кейжтэй нүдэлдэх нь. Сүүлийнх нь маш сонирхолтой. “Кунгфу Панда” киноны хоёрдугаар анги ирэх жил нээлтээ хийнэ гэдгийг дуулаагүй хүн байвал сонордуулчихья. Энд Пандагийн дууг Жек Блэк, дуу оруулж байгаа бол бусдад нь Гэри Олдмэн, Жан Клод Ван Дамм, Дастан Хооффман, Анжелина Жоли, Жеки Чан, Люси Лиу, Мишель Йо нар дуу оруулжээ. Оддын чуулган гэж үүнийг л хэлдэг байх даа. Тэдний дунд алдарт Гэри Олдмэн маань бас л сөрөг дүрд нь дуу оруулж буй.
Н.Наран