С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа нар нь бүлэглэн удаа дараагийн үйлдлээр бусдаар Монгол, БНХАУ, Малайз улсуудын хооронд мансууруулах бодисыг тээвэрлүүлсэн гэмт хэргийг үйлджээ. Тухайлбал, тэд нэр бүхий 35 хүнээр тус бүр нэгээс дөрвөн удаа ийнхүү мансууруулах бодис тээвэрлүүлсэн байдаг аж. Түүнчлэн С.Наранбаатар нь өнгөрсөн 2011 оны аравдугаар сарын 27-ны өдөр Ж.Амгалангаар брэнд бараа нэрээр халхавчилсан 3.9 кг, Т.Анхбаяраар 3.7 кг героин агуулсан мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор Малайз улсаас БНХАУ руу тээвэрлүүлсэн байна.
Э.Гоомарал нь Ж.Наранмандахтай урьдчилан үгсэн тохиролцож 2011 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын боомтоор Монгол Улсын хилийг нэвтэрч орж ирэхдээ НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенцийн дөрвөн жагсаалтанд орсон диацетилморфин буюу герион гэх сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан 2027 грамм бэлдмэлийг Малайз улсаас авчирч, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн байна. Мөн Ч.Эрдэнэбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, 2011 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын боомтоор Улаанбаатар-Бээжин чиглэлийн СА902 аяллын онгоцоор зорчиж, БНХАУ-ын Гуанжоу хотод хүргэх зорилгоор дээрх бэлдмэлийг Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Э.Онон нь 2011 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Д.Алимаа нарын Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 2 цүнхтэй брэнд бараа нэрээр халхавчилсан мансууруулах бодисыг мэдсээр байж санаатайгаар хадгалсан зэрэг нь ийнхүү гурван шатны шүүхээс тогтоогдлоо.