Энэ талаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугаас тодрууллаа.
-Өнөөдөр эхлэх байсан зэсийн баяжмалын экспорт хойшилсан талаар тодруулаач?
-Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт хойшлоход Засгийн газрын ямар ч оролцоо байхгүй. Үндсэндээ экспортлох бэлтгэлүүд хангагдсан ч борлуулалтын гэрээний тал дээр бүрэн шийдэгдээгүйгээс болж хойшилсон. Борлуулалтын гэрээ найман тэрбум ам.долларынх. Ийм хэмжээний хэлцэлд ТУЗ-ийнхан оролцож, батлах ёстой байдаг. Гэтэл гэрээг Монголын талын ТУЗ-д үзүүлээгүй байна. Энэ нь Компанийн тухай хуулийн 88.1-дэх заалтыг зөрчсөн хэрэг. Мөн борлуулалтаас олсон орлогыг Монголын банкны дансаар дамжуулах ёстой. Энэ мэт асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа учраас хойшиллоо. Тиймээс дээрх асуудлаас болж хууль зөрчихгүйн тулд Оюутолгойн нээлтэд Засгийн газрын төлөөллөөс оролцоогүй. Үүнийг Оюутолгой компаниас Засгийн газрын хүсэлтээр хойшиллоо гэж мэдээлж байна.Өмнө нь зургадугаар сарын 14-нд хойшилсоны хувьд бол Рио Тинто компанийн хүсэлт байсан.
-Хойшлоод хэзээ экспорт эхлэх бол?
-Зэсийн баяжмалын экспорт хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.
-Экспортыг эхлүүлвэл хэдий хэмжээний зэсийн баяжмал гаргах вэ?
-Энэ жилдээ Оюутолгойгоос 300 мянган тонн зэсийн баямжал экспортлох төлөвлөгөөтэй. Цаашдаа жилдээ нэг сая тонн зэсийн баяжмал экспортлох хүчин чадалтай.