Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хакухо будаа тарина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр  Мэргэжлийн  сумогийн 69 дэх Их аварга Ёкозуна М.Даваажаргал,  Такикава хотын дарга Тамура Хироши тэргүүтэй Японы Хоккайдо мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Такикава хотын Аялал жуулчлалын сайдаар томилогдсон Хакухо тус хотыг төрөлх Улаанбаатартайгаа холбоход онцгой анхаарч байгаа бөгөөд эхний ээлжинд цагаан будаа тариалах үйлст улаанбаатарчуудын анхаарлыг хандуулахаар болжээ.Сайн чанарын цагаан будаа тариалдгаараа Япондоо алдартай Хоккайда цаг агаарын хувьд манайтай төстэй нь тэндхийн цагаан будаа Монголд ургах боломжтойг илтгэж байгаа гэнэ.Хоккайдагийнхан энэ жил шинээр гаргаж авсан цагаан будаагаа Хаку гэж нэрлэсэн бөгөөд ирэх намар анхны ургацаа хурааж авах гэнэ.

“Монгол хүн бүрийн бахархал болсон Их аварга маань төрөлх хотынхоо иргэдийн сайн сайхны төлөө санаа тавьж сайн үйлс бүтээхээр болсонд бид баярлаж байна.Энэ ажлыг хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг бид бүгдийг хийх болно” гэж хотын Мээр тэмдэглэн хэллээ.   Уулзалтын үеэр Улаанбаатараар дамжуулан тариалах шинэ сортын цагаан будааг тариалах төслийг хэрэгжүүлэх, Японы хөдөө аж ахуйн шинэ технологийг нэвтрүүлэх,хүүхэд залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх чиглэлээр хоёр хот хамтран ажиллах тухай баримт бичигт Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг,Их аварга М.Даваажаргал,Такикава хотын дарга Тамура Хироши нар гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Б.Анхаа
  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж