ЗГ-аас болж зэсийн баяжмалын экспорт хойшлоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

ЗГ-аас болж зэсийн баяжмалын экспорт хойшлоогүй гэв

“Оюутолгой” компани зэсийн баяжмалаа экспортод гаргахаар болж нээлтийг нь өнөөдөр хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан юм. Эл шалтгааныг тус компанийн зүгээс “Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа” хэмээн хэлсэн. Харин Уул уурхайн яамны зүгээс “Оюутолгой компани зэсийн баяжмалаа экспортлохоо хойшлуулсан нь Засгийн газартай ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан” хэмээн мэдээллээ.
 
Мөн Уул уурхайн яамнаас өгч байгаа мэдээллээр “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм байна. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд компанийн ТУЗ нь батлах ёстой талаар Компанийн тухай хуулийн 88,1-д заасан байдаг юм байна. Гэтэл Борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа. Энэ нь Монголын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал гэнэ.

Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руугаа шилжүүлэх аж. Тиймээс бүтээгдэхүүний борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг Монголын тал баримталжээ. Ачилт хийхээр төлөвлөж байсан "тов" хоёр дахь удаагаа ийнхүү хойшилж байгаа үндсэн шалтгаан нь дээр хэлсэн тайлбартай холбоотой” гэлээ. Дашрамд, сануулахад энэ сарын 14-нд товлосон байсан хугацааг дан ганц Риогийн санаачилгаар хойшлуулсан гэнэ. Мөн өнөөдөр болох зэсийн баяжмалын экспортыг хойшлуулах саналыг Засгийн газраас албан ёсоор тавиагүй. Дээрх асуудлаас үүдэн, хууль зөрчихгүйн тулд экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл очих боломжгүй гэдгээ илэрхийлсэнийг “Оюутолгой” компани Засгийн газрын хүсэлтээр хойшлууллаа хэмээн мэдээлж байгааг эх сурвалж бас үгүйсгэлээ.

Мөн уг асуудлыг Оюутолгой компанийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбох нь өрөөсгөл юм. Оюутолгойн экспортыг эхлүүлэх тал дээр Ерөнхий сайд, Уул уурхайн сайд гээд бүгд дэмжиж байгаагаа өмнө нь мэдээлж байсан. Гагцхүү ямар ч үйл ажиллагаа хуульд нийцэх учиртай гэж үзэж байна.

“Оюутолгой” ХХК-ийн монголын талын ТУЗ-ын гишүүд борлуулалтын гэрээний төслөө хуульд заасны дагуу ТУЗ-ээр хэлэлцүүлэхийг бараг жилийн өмнөөс шаардсан ч одоо хүртэл хэрэгжээгүй байгаа аж. Энэ байдлаар Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага Монгол Улсын хууль, тогтоомж байгуулсан гэрээнийхээ зарим заалтыг зөрчсөн төдийгүй ил, тод хариуцлагатай уул уурхайн зарчимд харшилсан байдал үргэлжилсээр байгаа аж.

Энэ байдлаас болоод анхны хөрөнгө оруулалтын зардлын их хэмжээний хэтрэлт, төслийн хоёр дахь үе шатны санхүүжилт, төрд төлөх роялтигийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн маргаантай асуудлууд шийдлээ хүлээсээр байгаа юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж