7-р хорооллын орон сууцны дэд бүтцийг тавьж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

7-р хорооллын орон сууцны дэд бүтцийг тавьж эхэллээ

Гэр хорооллыг барилгажуулах ажил Улаанбаатар хотын хэмжээнд эрчимтэй үргэлжилж байна. Тухайлбал, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд орон сууцны хороолол барих ажлын эхлэл өнөөдөр тавигдлаа. Эл ажлыг эхлүүлэхдээ дэд бүтцийг татаж байгаагаас гадна орон сууц барих ажил давхар эхэлж байна. Барилга хот байгуулалтын яам гардаж хэрэгжүүлэх орон сууцжуулах эл ажлын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр болж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд оролцлоо. Гэр хорооллыг барилгажуулах энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн долоо, 14 дүгээр хороо, мөн МҮОНРТ орчмыг барилгажуулах ажил хийгдэнэ. Үүнд нийт Хятад улсаас авсан хөнгөлөлттэй зээл болох 117.5 сая ам.долларыг зарцуулах юм. Тодруулбал, дээрх зээлийг долдугаар хороонд инженерийн шугам татах, орон сууцны хороолол барих, Радио телевизийн орчимд баригдах орон сууцны хорооллын инженерийн шугамыг татах, 14 хороонд орон сууц барихад зориулж зарцуулах аж. Ингэснээр Сүхбаатар дүүргийн долоо, 14 дүгээр хороонд 2592 айлын орон сууц баригдах бөгөөд эхний хэсэг ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох ажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж