Өнөөдөр Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах финалын гал гарсан тоглолт болж, аварга тодорлоо. Тоглолтын туршид Сан Антонио Сперс, Майами Хитийн хооронд аль баг ялагч болох нь тааварлахын аргагүй, эн тэнцүүхэн ширүүхэн өрсөлдөөн болсон юм. Тоглолт дөрөвдүгээр үеийн сүүлийн 2 минутанд шийдэгдэж, Майами Хит хөгжөөн дэмжигчдийнхээ магнайг тэнийлгээд байна. Тоглолтын гол баатар бол Леброн Жеймс.
Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах улирлын болон финалын тоглолтуудыг Монголын Үндэсний Боловсрол Суваг телевиз 2012 оны арваннэгдүгээр сараас эхлэн 2013 оны зургадугаар сарын 21-нийг дуустал 3 дахь жилдээ албан ёсны эрхтэйгээр шууд дамжууллаа. Мөн өөрийн онлайн сувгаараа болон Тэнгис театрын 2 танхимд шууд дамжуулалтаа түгээгээд байна. Улирлын 30 орчим, финалын 7 тоглолтыг шууд дамжуулахдаа манай телевизийн зүгээс дүрсний өндөр нягтрал, дууны чанартай гаралтыг гол зорилго болгосон бөгөөд энэ ч үүднээс Скайтел компани, Скаймедиатай хамтран ажилласан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд техник, технологийн байнгын бэлэн байдал, шуурхай ажиллагааны үндсэн дээр Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тоглолтуудыг HD форматаар Монгол орон даяар шууд дамжуулсан болно. Шууд нэвтрүүлэг бүрийг чанарын өндөр түвшинд үзэгчдийн хүртээл болгоход хамтран ажилласан Скайтел компани, Скаймедиа болон бусад ивээн тэтгэгч нартаа үзэгчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байна. Цаашид ч жил бүр хамтран ажиллагч байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр шууд дамжуулан хүргэсээр байх болно.