Монголын кино урлагт цоо шинэ өнгө төрх нэмсэн “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны кино өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон. Уг бүтээлийг “LVA entertainment”, “Absolute pictures”, “Logic film”-ийн уран бүтээлчид хамтран бүтээсэн юм. Киноны ерөнхий найруулагчаар “Найзууд”, “Тушаал”, “Морь минь давхи”, “Төрийн дайсан”, “Хайрлаж болох уу, “Хайрлахын цаана”, “Амьдрал төсөл” кинон дээр ажиллаж байсан “Absolute Pictures”-ын найруулагч П.Дэлгэрбаяр ажилласан юм. “Дурлалын гэмт хэрэг” киноны продюссераар жүжигчин Д.Лхагва ажилласан бөгөөд “LVA entertainment”-аас хийж байгаа бүрэн хэмжээний хоёр дахь төсөл юм. Киноны гол дүрд жүжигчин, дуучин, продюсер Д.Лхагва, ХБНГУ-ын жүжигчин Г.Ариунболор, жүжигчин Н.Ялалт, О.Долгор, А.Баттүшиг нар тоглосон. “Дурлалын гэмт хэрэг” кино эхлэлээсээ төгсгөл хүртэл үзэгчдийн анхаарлыг татаж чадсан гайхалтай бүтээл болсныг онцлох хэлэх хэрэгтэй болов уу. Зохиолын өрнөл, зангилаа нь олны тааварлаж байснаас тэс өөр байсныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Үзэгч танхимд ороод хэрхэн, яаж төгсөхийг нь тааварлачихвал үзэх хүсэл төрөхгүй шүү дээ. Харин энэхүү киноны үйл явдал үзэгчдийг хөтлөх зангилаа бүр нь маш сонирхолтой тайлагдаж, амьсгаа даран хором бүрийг шимтэн үзэх хүслийг төрүүлсэн. Киноны багийнхан гар нийлэн ажилласныг их олон зүйлээс анзаарч болохоор байв. Хамгийн түрүүнд өрнөж буй үйл явдалд өнгө нэмсэн киноны хөгжмийг нэрлэмээр байна. “Ертөнц” цомгоороо дэлхийн сонсогчдын сонорыг мялааж байгаа хөгжмийн зохиолч Г.Онон энэ киноны хөгжмийг амилуулсан. Мөн түүнийг нь илэрхийлэх зураглаачийн ур чадвар ч гайхалтай байсан шүү. Гол дүрийн жүжигчид ч үзэгчдэд өөлөгдөөд байхааргүй чадварлаг тоглосон. Түүнчлэн “Дурлалын гэмт хэрэг” киноны “Чи минийх” дууг “Никитон” хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Батчулуун дуулан клипжүүлэн хүргэсэн нь одоо ч залуусын сонсох дуртай дуу болон эгшиглэсээр байгаа юм. Тиймээс үзэгчдийн хүсэлтээр “Өргөө 1” кино театрын дэлгэцнээ өдөр бүр 14.00, 18.30, 20.00 цагуудаас эргэн цөөн хоног гарч байгаа тул та амралтынхаа өдөр амжаад саатаарай. Та дурлал хүнийг хэрхэн өөрчилдөг, хүн хайрынхаа төлөө хэрхэн тэмцдэгийг энэхүү бүтээлээс тольдоорой.
“Никитон” “Чи минийх”
Г.ДАША