Н.Номтойбаяр: Сэтгүүлчийг шүүхэд өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Сэтгүүлчийг шүүхэд өгөөгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сэтгүүлч Б.Отгонбаяр өчигдөр Н.Номтойбаяр гишүүн өөрийг нь шүүхэд өгсөн талаар мэдээлэл хийсэн бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна гэлээ.

Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураах өдрийн өмнөх өдөр Н.Номтойбаяр гишүүний туслах залуу Б.Батзориг түүний талаархи баримт дэлгэсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байсан. Харин сэтгүүлч Б.Отгонбаяр энэ мэдээлэлтэй холбогдуулан өөрийн анализ, дүгнэлт бүхий нийтлэлийг бичжээ. Харин уг нийтлэлийнх нь төлөө Б.Отгонбаяр сэтгүүлчийг буруутган, эрүүгийн хэрэг үүсээд байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Б.Отгонбаяр сэтгүүлчийг би танихгүй. Өнөөдөр л албан ёсоор нүүр тулан танилцаж байна. Б.Отгонбаяр сэтгүүлчийн хэлснээр Б.Батзоригийн талаархи бичлэгээс улбаалан бичсэн нийтлэлд нь намайг хууль хяналтын байгууллагад хандсан гэсэн мэдээллийг өгсөн. Энэ мэдээлэл бол ташаа мэдээлэл. Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Н.Номтойбаяр өргөдөл өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Би болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч аль нь ч ийм гомдол өгөөгүй. Би сэтгүүлчдийн ажил хөдөлмөрт тэвчээртэй, хүндэтгэж ханддаг” гэлээ.

Б.Батзориг нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө өөрийгөө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын туслах байсан бөгөөд хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн бичлэгийг интернэтэд тавьсан. Харин Н.Номтойбаяр гишүүн дээрх мэдээлэлд нэг ч удаа тайлбар хийгээгүй бөгөөд анх удаа энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би анх 2000 оны эхэн үеэр Б.Батзоригтой Багануур дүүрэгт танилцсан. Надад ажиллах хүсэлтэй байгаагаа  илэрхийлсэн. Үүний дагуу холбогдох материалыг нь бүрдүүлээд эргэн уулзахаар болсон. Ажилд орох холбогдох материалтай нь танилцахад ял шийтгэлтэй эсэхийг тогтоосон  тодорхойлолтыг үзүүлээгүй. Яагаад гэвэл, Б.Батзориг тухайн үедээ Монголшуудан банкинд ажиллаж байхдаа мөнгөний хэрэгт холбогдоод шүүхээр таслуулан тэнсэн харгалзах ялтай байсан гэсэн. Тэгээд тэр залууд итгэж, өөрийн туслахаар ажиллуулсан, үүний дараа Санхүү эдийн засгийн дээд сургуульд сурахад дөрвөн жилийн төлбөрийг даасан. Тэгээд түүнийг МАК компанийн Хяналт, шалгалт мониторингийн хэлтэст ажиллуулж байсан” гэв.

Мөн тэрээр хэлэхдээ,  “Б.Батзориг нь ажиллаж байх хугцааандаа Н.Номойбаяр гишүүнд хэлэлгүйгээр эхнэртэйгээ нийлэн сейфнээс нь 15 мянган евро буюу тухайн үеийн ханшаар 27 сая төгрөгийг авсан, компанийн санхүүгээс гишүүний нэрийг барьж 22 сая төгрөгийг олон удаагийн үйлдлээр, Н.Номтойбаяр гишүүний найз Б.Батхуягаас найман сая төгрөг, Б.Батхуягийн нэр дээр байсан автомашины бичиг баримтыг хуурамчаар үйлдэн бусдад худалдаалсан, өөр олон мөнгө залилсан талаар мэдээлэл байдаг” гэлээ. Н.Номтойбаяр гишүүний талаар мэдээлэл цацсан өдөр буюу 2012 оны зургадугаар сарын 26-ний өдөр бичлэгийг тараан,  Монгол Улсаас зугтсан байдаг аж.

Б.Батзоригт холбогдох хэргийг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна. Харин сэтгүүлч Б.Отгонбаяртай холбоотой хэрэгтэй Н.Номтойбаяр гишүүн холбоогүй гэлээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж