Монгол-Австри улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан соёлын үйл ажиллагаанд зориулсан хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт СТӨ-ний тайзнаа өнөөдөр эгшиглэх гэж байна. Австрийн удирдаач, хийлч Жожи Хаттори, хормейстер, удирдаач Жералд Вөрт, дуурийн найруулагч, Венийн Хөгжмийн их сургуулийн багш Беверли Бланкеншип, босоо ятгачин, багш Тина Зердин, виолончель хөгжимчин Ута Корфф зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирээд байна.
Уг соёлын арга хэмжээний гала тоглолтыг Австрийн удирдаач, хийлч Жожи Хаттори Монголын удирдаачидтай хамтран дохих бол Венийн эрэгтэй найрал дууны ерөнхий удирдаач Жералд Верт ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ зэрэг байгууллагуудын найрал дуучидтай хамтран ажиллаж мөн гала концертын найрал дууны том бүтээлийг удирдах юм байна. Уг концерт дээр Ута Корфф, Тина Зердин, Жожи Хаттори нар хамтарсан сонирхолтой бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулах нь ээ. Мөн ДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ-ийн Их найрал хөгжим гэсэн гурван том оркестр хамтран Австрийн хөгжмийн суут зохиолчид В.А.Моцарт, И.Штраус, ж.Массене, Ф.Шубарт нарын сонгодог бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж буйгаараа онцлог томоохон хэмжээний тоглолт юм.
Гала концертод Австри улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хамаарагч элчин сайд, эрхэмсэг хатагтай Ирен Гинер Рейчл хүрэлцэн ирж оролцох юм.
Монгол-Австри улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан соёлын үйл ажиллагааг ССАЖЯ, Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам, Австрийн Боловсрол, Соёл урлагийн яам, Австрийн урлагийн форум зэрэг газрууд дэмжин ажиллаж байгаа юм байна.
Сонирхуулахад, Монголын хөгжмийн салбарын уран бүтээлчдийн урын сангийн томоохон хэсгийг Австрийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээл голлон эзэлдэг юм.