“Монгол кино нэгтгэл”, “Absolute pictures”-ийн бүтээл “Төрийн дайсан” кино гурван жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан юм. Монголын уул уурхайн томоохон ордод шунасан гадаадын компанийг тойрсон асуудлыг тод харуулсан уг бүтээлийн хоёрдугаар анги дэлгэцнээ гарах нь ээ. “Төрийн дайсан” киноны найруулагч П.Дэлгэрбаяр уг киноныхоо хоёрдугаар ангийг ирэх онд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд зохиолын ажилдаа оржээ.Шинэ ангийн хувьд жүжигчдийн бүрэлдэхүүнд төдийлөн өөрчлөлт орохгүй гэнэ. Тиймээс “Төрийн дайсан” кинонд тоглосон жүжигчин М.Мягмар, Д.Лхагва, О.Долгор, С.Батчимэг нартай эргэн дэлгэцээр уулзах нь ээ. Найруулагч П.Дэлгэрбаяр хамгийн сүүлд “Дурлалын гэмт хэрэг” киноны найруулагчаар ажилласан юм. Дэлгэцнээ гарсан цагаасаа эрэлттэй байсан уг бүтээл үзэгчдийн хүсэлтээр дахин цөөхөн хоног “Өргөө 1” кино театрын дэлгэцнээ гарч байгаа юм. Сонирхуулахад, тэрээр “Төрийн дайсан 2” бүтээлээсээ өмнө энэ намар драмын шинэ киноныхоо зураг авалтыг эхлүүлэн оны өмнө үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд байгаа аж. Уг киноны гол дүрд жүжигчин М.Мягмар тоглох юм байна.
Г.ДАША