“Рио Тинто” VS Засгийн газар

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” VS Засгийн газар

Оюутолгой зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхлэх ёслол хоёр дахь удаагаа хойшлов. Өмнө нь энэ сарын 14-нд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлнэ гэж байснаа өнөөдөр болгож хойшлуулаад байсан ч энэ тов мөн л бүтэлгүйтлээ. Өнөөдөр ихэнх том мэдээллийн агентлагууд “Оюутолгой зэсийн баяжмалаа олборлож эхэлнэ” гэсэн мэдээллийг онцолсон ч одоо дахиад хойшиллоо гэсэн мэдээллээр солигдох нь.

Яагаад гэсэн асуултад одоохондоо албан ёсны хариулт өгөөгүй байгаа ч Засгийн газраас зөвшөөрөл өгөөгүй гэсэн там тум таамаг байгаа. Зарим нэг нь үүнийг тав хоногийн дараа болох сонгуультай холбон тайлбарлаж байгаа ч энэ нь үнэмшил муутай. Оюутолгой бүтээгдэхүүнээ экспортолж эхлэв гэсэн мэдээлэл Засгийн газрын хувьд мэдээж хэрэг том оноо авах баярт мэдээлэл байх учиртай. “Оюутолгой” компанид ойр эх сурвалжийн мэдээлснээр бол ёслол болсон бол зөвхөн энэ удаад 500 тонн зэсийн баяжмал гаргах байсан. Үүнээс 120 тонн зэс гарна гэж үзвэл зах зээлийн өнөөгийн ханшаар 900 мянган ам.доллар болох байсан гэж байгаа юм. Мэдээж хэрэг цааш цаашдаа бүтээгдэхүүнээ экспортод гаргах тусам гөжүүдэлцээд байгаа “Рио Тинто”-гийн ч, Монголын Засгийн газрын ч орлого нэмэгдэж эхлэх ёстой. Наад зах нь Засгийн газар экспортын орлогоос роялтын таван хувийн татвараа бодитоор авч эхлэх байв. Харин яагаад бүтээгдэхүүн экспортлохоо хойшлуулаад байгаа нь тун тодорхойгүй. Мэдээж хэрэг сайн өдөр хүлээн суугаа хэрэг лав биш. Тэртээ тэргүй эрчим хүчний асуудлаас эхлээд хугацаа нь хэдэнтээ хойшлогдоод байсан болохоор аль аль тал нь экспортоо түргэн эхлүүлэхийг л чармайх ёстой байлтай. Харин үүнийг манай “улстөржигсөд”  гэрээний заалтуудыг эргэж харах ёстой, Монголын ард түмэнд ашигтай байлгах ёстой, тиймээс асуудлаа шийдэж байж л бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх ёстой гэж “сайшаах” маягтай. Басхүү хөрөнгө оруулагч болоод Засгийн газарт экспортын орлогын асуудлыг шийдэж чадахгүй гол асуудалтай байгаа гэж буй юм. Монголын Засгийн газрын зүгээс экспортын бүх орлогыг Монголд төвлөрүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж буй. Харин хөрөнгө оруулагчдын зүгээс цаашдын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад шаардлагатай дөрвөн тэрбум ам.долларыг дэлхийн томчуудаас зээлэх сонирхолтой байгаа. Гэтэл Монгол Улсын хуулиар бол ямар нэг орд газрыг гадаадын банкны байгууллагад барьцаанд тавихыг хориглодог. Дэлхийн томоохон банкуудаас мөнгө зээлэхийн тулд экспортын орлогоо барьцаалах шаардлагатай болж байгаа. Энэ л асуудлын гол болж буй гэсэн мэдээлэл бас байна. Нэг талаасаа экспортын бүх орлогыг Монгол Улсад төвлөрүүл гэсэн Засгийн газрын шаардлагыг “браво” гэж дэмжих ёстой байх, ялангуяа эх орончид. Тэгвэл муу мэдээ нь гэвэл дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсаар байгаа, цаашид буурч магадгүй гэсэн таамаглал хүчтэй байгаа. Алтны үнэ энэ долоо хоногт 9 хувиар буурч, сүүлийн гурван жилийн хамгийн доод төвшинд ирсэн бол зэсийн үнэ сүүлийн 20 сарын хамгийн бага төвшинд хүрээд байгаа аж.  

Санхүүгийн зах зээлд ч бууралт гэсэн тэмдэг асаастай лхагва гаригт 250 нэгж, пүрэв гаригт Dow Jones-ийн үнэлгээ 353 нэгж буюу 2,34 хувиар буурч, S&P-ийн үнэлгээ сүүлийн хоёр жилийн хамгийн бага төвшинд хүрчээ. 

Дэлхийн томоохон эдийн засаг БНХАУ-д барилгын салбарын үйлдвэрлэл саарч, энэ цаашлаад бетон, гангийн үйлдвэрлэл, уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авалтад нөлөөлөн, үнэ буурсаар байгаа нь зэс, алтаа арилжаалаад асар их хэмжээний ашиг олно гэж олон жилийн туршид хөөрөлхөж байгаа ч яаж ийж байгаад л “гацаа түгжрэл”-тэй учирчихаад байгаа монголчуудад хэрхэн тусахыг дэлгэрэнгүй нурших шаардлагагүй болов уу?

Товчхондоо Оюутолгой зэсийн баяжмалаа экспортод гаргахыг хойшлуулсаар байх энэ өдрүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цаашид ч буурсаар байвал хөрөнгө оруулагчдын ч Монгол Улсын Засгийн газрын орлого ч буурсаар байх нь тодорхой. Хэдийгээр Засгийн газар Монгол Улсад илүү ашигтай нөхцөл байдал үүсгэхийг чармайж байгаа гэж найдъя ч гэсэн нэг завин дээр л суугаагаас хойш хөрөнгө оруулагчид болоод Монгол Улсын Засгийн газар аль аль нь 1:1 харьцаатай бие бие рүүгээ “муухай” хараад сууж байна гэсэн үг. Харин үүнээс хэн хохирч байгаа вэ гэвэл зөвхөн Монголын ард түмэн гээд хэлчихэд буруутахгүй буй за.

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж