Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчид тав, зургаадугаар сард хийсэн мониторинг судалгааны явцад мазаалайн эвш төллөсөн хоёр тохиолдлыг тэмдэглэжээ. Мазаалай хавар хоёрдугаар сард ичээндээ төллөдөг тул нялх бамбаруушууд 4-5 сартайгаасаа эхлэн эхийгээ даган идээшлэн явдаг болохыг харуулж байна. Түүнчлэн байгаль хамгаалагчид энэ хавар Мазаалайн шанд, Цагаан бургас зэрэг газарт өнгөрсөн жил төрсөн хоёр настай бамбаруушийн мөр олж тэмдэглэжээ. Одоогоор Алтайн өвөр говьд бороо ороогүй, гантай байгаа тул дархан газрын захиргаа нэмэлт хоол тэжээлийг үргэлжлүүлэн тавихаар шийдвэрлээд байна.
Эх сурвалж: www.ipost.mn