Нийтлэлийг: nationalgeographic.mn
Билл Морган гэдэг нэрийг та сонссон уу?
Тун азтай энэ австрали залуугийн түүх уг нь тун азгүй байдлаар эхэлсэн билээ.
Тэрбээр ачааны машин жолоодож яваад осолд орж, үхэх дөхжээ. Тэрбээр ослын
улмаас зүрхний өвчинтэй болсон бөгөөд үүнд нь зориулж эмч нарын бичиж өгсөн
эмийг уутал хариу үйлдэл үзүүлж, ухаан алдаж унасан байна. Билл клиник үхэлд
орж, зүрх нь 14 минут зогссон гэдэг. Азаар эмч нар түүний зүрхийг “амь оруулж”
чадсан ч Билл 12 өдрийн турш эмнэлэгт ухаангүй хэвтсэн аж. Энэ хугацаанд түүний
зүрхийг тэтгэж байсан аппаратыг салгах хэрэгтэй хэмээн эмч нар Биллийн гэр
бүлийнхэнд зөвлөж байжээ.
Гэвч азтай Билл нэг өдөр гэнэт ухаан орсон бөгөөд энэ нь түүний гайхалтай
түүхийн дөнгөж эхлэл байсныг хэн мэдэх билээ.
Сайтар эмчлүүлж, эрүүл болсон 37 настай залуу маань арай өндөр цалинтай ажилд орж,
олон жил үерхсэн найз бүсгүй Лиза Уэллстээ гэрлэх санал тавив. Лиза мэдээж
зөвшөөрчээ. Үүнээс долоо хоногийн дараа Билл сонины мухлагаас сугалаа худалдаж
авсан байна. Сугалааг хусаж үзтэл цоо шинэ автомашины хонжвор өөрт нь таарсан
байлаа.
Орон нутгийн телевизийнхэн Биллийн байнгын азтай явдлын талаар олж дуулаад
түүний талаар нэвтрүүлэг бэлтгэхээр шийдэж, сэтгүүлчдээ илгээжээ. Нэвтрүүлгийн
багийнхан Билл сугалаа худалдаж аваад, машин хожиж буйг дахин “харуулах” мэргэн
шийдлийг санаачлав. Үүний дараа чухам юу болохыг тэр үед хэн ч таамаглаагүй биз
ээ. Нэвтрүүлгийн багийнхны шаардлагаар Билл сонины мухлагаас ахин сугалаа
авахаас өөр аргагүй болж, нэг сугалаа авч буйгаар бичлэгт оров. Билл өнөөх
сугалаагаа хусаж арилгатал 250 мянган австрали долларын шагналтай байжээ.
Энэ бүхэн шууд нэвтрүүлгийн үеэр болсоныг дурьдах хэрэгтэй болов уу.
Тэрбээр энэ мөнгөөрөө байшин худалдаж авсан байна. Өөрт нь ийм их аз тохиосны
дараа Морган сугалаа сугалахаа болихоор шийдсэн гэнэ. Тэрбээр цаашид өөрийн
эрүүл мэнд, гэр бүлдээ гол анхаарлаа хандуулахаар шийдсэнийг нь эхнэр Уэлс нь
ихээхэн дэмжиж байгаа аж.