Нэр нэгтийн чих нэг гэж

Хуучирсан мэдээ: 2013.06.21-нд нийтлэгдсэн

Нэр нэгтийн чих нэг гэж

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар уг албанд томилогдсоноосоо хойш олны өмнө гарсан удаа ховор ч сүүлийн үед түүний зураг “од” болоод байна.

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг эрүүгийн хэрэгт холбон шалгаж эхэлснээс хойш нэр нэгтийн чих нэг гэгчээр ТӨХ-ны даргын зураг байн байн хэвлэлийн хуудаснаа гарах болжээ. Өөрөөр хэлбэл, хоёр амьдайгийн зургийг хольж солиод байгаа хэрэг юм.

“Google-д  мөртэй амьдрах” гэдэг ойлголт орчин үеийн залуусын дунд хэдийнэ бий болсон байна. Интернэт орчинд “Д.Цогтбаатар” гэсэн нэрээр google хайлт хийхээр ТӨХ-ны дарга Д.Цогбаатарын зураг гарч ирээд байгаагаас хэвлэлийнхэн түүнийг овог, нэр ижил хурандаа Д.Цогтбаатартай андуурах болжээ.

ТӨХ-ны даргын хувьд гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаарх мэдээнд зураг нь ашиглагдаж буйд төдий л эмзэглэхгүй байгаа гэнэ. Хэзээ нэг холио, солио нь гарч хэвлэлийнхэн будилснаа мэдэх бол хэмээн хүлээж байгаа сурагтай. Хамгийн сүүлд л гэхэд долоо хоног тутмын “Hot news” сэтгүүлд хурандаа Д.Цогтбаатарын талаарх мэдээн дээр түүний зураг яваа харагдсан.

ТӨХ-ны даргаар энэ оны хоёрдугаар сард томилогдсон Д.Цогтбаатар нь хуучнаар ЗХУ-д барилгын усан хангамжийн инженер мэргэжил эзэмшсэн, хожим дотооддоо улс төр, хууль эрхзүйн чиглэлээр давхар суралцсан нэгэн. Дашрамд сонирхуулахад түүний аав Дашнамжил гуай 1964 онд намын эсэргүү нэрээр нутаг заагдан цөлөгдөж, 1990 онд цагаатгагдаж байжээ. Бага насандаа улс төрийн дарамт шахалт, үзэл суртлын хэлмэгдэл гэж ямар хэцүү зүйл болохыг үзэж туулсан тэрээр аавтайгаа хамт ардчилсан хувьсгалд уухайлан оролцсон гэдэг.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж