Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Английн шигшээ баг

Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он: 1863
FIFA-д элссэн он: 1905
Холбооны ерөнхийлөгч: Уэльсийн хунтайж Уильям
Ерөнхий дасгалжуулагч: Фабио Капелло /Итали/
Багийн ахлагч: Стивен Жеррард
Шигшээдээ олон тоглосон: Питер Шилтон – 125  
Олон гоол оруулсан: Сэр Бобби Чарльтон – 49  
Одоогийн чансаа: 8
Хамгийн өндөр чансаа: 4 /1997, 2006 он/
Анхны тоглолт: Шотланд 0:0 Англи /1872 он/
Хол зөрүүтэй ялалт: Ирланд 0:13 Англи /1882 он/
Хол зөрүүтэй хожигдол: Унгар 7:1 Англи /1954 он/
Хоч: Гурван арслан

Дэлхийн аваргын бүрэлдэхүүн:

Хаалгач:
Жо Харт, Роберт Грин, Дэвид Жеймс
Хамгаалагч: Глен Жонсон, Стифен Уорнок, Майкл Даусон, Жеймс Карахер, Ледли Кин, Жон Терри, Мэттью Апсон, Эшли Коул
Хагас хамгаалагч: Аарон Леннон, Жеймс Милнер, Шон Райт-Филлипс, Стивен Жеррард, Жо Коул, Майкл Каррик, Фрэнк Лампард, Гарет Бэрри
Довтлогч: Уейн Рүүни, Жермейн Дефо, Эмиль Хески, Питер Крауч

“Алтан үедээ яваа” хэмээн нэрлэгдэж буй хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ багийнхны хувьд удаа дараагийн азгүйтлийн эцэст 2010 оны Өмнөд Африкийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөө цагийн оддын “тэнгэрт гялалзах” сүүлийн боломж ч байж болох юм.

“Евро-2008”-ын сонгон шалгаруулалтаас хасагдсаны дараа шигшээ багийн дасгалжуулагчаа сольж, итали мэргэжилтэн Фабио Капеллог нутагтаа авчирснаар Гурван арслангийн тоглолт сэргэж, дахин өөдрөг сэтгэлээр олон улсын тавцанд нэр алдраа дуурсгах зам нь нээгдсэн гэж болно.

Өмнөд Африк хүрэх замд:

2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд тун амжилтгүй оролцсоны дараа англичууд дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад нухацтай, няхуур байдлаар тоглосон. Иймдээ ч Европын сонгон шалгаруулалтын зургадугаар группт 10 тоглолт хийснээс есөд нь ялалт байгуулж, Европын бүсээс хамгийн олон буюу 34 гоол оруулсан билээ. Тэдний цорын ганц ялагдал нь Украйнтай хийсэн тоглолт байсан бөгөөд Өмнөд Африкийг зорих эрхээ хэдийнэ авчихсан байсан учир ач холбогдол багатай тоглолт байсан юм.

Од тоглогчид:

Талбай дээр гоол үүрэг даалгавар “Манчестер Юнайтед”-ийн довтлогч Уейн Рүүнид оногдож байв. Тэрбээр ч даалгавраа нэр төртэй биелүүлж, Английн шигшээ багийн довтолгоонд онцгой хувь нэмэр оруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад нийт есөн гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан юм. Түүнээс гадна хагас хамгаалагчийн байрлалд Фрэнк Лампард, Стивен Жеррард, хамгаалагчийн хувиар Жон Терри нар чадварлаг байсныг дурдахгүй байж болохгүй.

Дасгалжуулагч:

“Милан”, “Рома”, Ювентус” нарыг удирдан Италийн Сери А-гийн аваргын цомд хөтөлж байсан Капелло мөн Испанийн Ла лигт чадвараа сорьж, эзэн хааны “Реал Мадрид” клубын хамт Примера лигийн хошой аварга болж байсан авьяаслаг, туршлагатай, мэдрэмжтэй дасгалжуулагч юм. Тэрбээр Английн шигшээ багийн том одод, олон жилийн турш хуримтлагдсан уламжлал, арга барилтай дасан зохицож, өөрийн арга барилыг нэвтрүүлэхийн тулд тун бага хугацаа зарцуулсан. Тоглогчидтой тун амархан эв дүйгээ олж чадсан Итали эр хоёр тоглолтын нөөцтэйгээр дэлхийн аваргад оролцох эрхээ өвөртөлж чадсан нэгэн.

ДАШТ-ий амжилт:

Зуны олимпийн наадмаас ч илүү нэр хүндтэй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Гурван арслангууд” өмнө нь 11 удаа тоосоо өргөснөөс анхлан 1950 онд Бразилд болсон тэмцээнд оролцож байв. 1966 онд нутагтаа болсон дэлхийн аваргад алтан цом өргөсөн тэд бусдын дэвжээнд гаргасан хамгийн өндөр амжилт нь шөвгийн дөрөвт багтсан явдал юм. Тодруулбал, Сэр Бобби Робсоны удирдлага дор Гари Линекер, Крис Уоддл, Пол Гаскойн, Дэвид Платт нарын оддоог багаа бүрдүүлсэн Английн шигшээ багийнхан 1990 оны Италид болсон дэлхийн аваргын хагас шигшээ тоглолтод Баруун Германы багт торгуулийн цохилтоор ялагдсан нь хамгийн өндөр амжилт нь ажээ.

Англичуудын боломж:

Дэлхийн аваргын “С” хэсэгт Алжир, АНУ болон Словенийн багийн хамт тун дажгүй сугалаа татсан Англичуудын FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлал хөлбөмбөг сонирхогч, мэргэжилтнүүдийн гаргасан таамгаар бол ердөө 10,4 хувьтай байна. Харин финалд шалгарах боломж 19,2 хувь, хагас шигшээд 37,3 хувь, наймны нэг шигшээд 58,7 хувь, харин шөвгийн 16-д шалгарах боломж 90,2 хувьтай байна. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэгчлэн дэлхийн аваргын дэвжээнд тоглолт хэрхэн өрнөхийг таамаглашгүй.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж