“Нойрссон гүнж” сэрсэн үдэш

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

“Нойрссон гүнж” сэрсэн үдэш

Олон жил нойрсч буй П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”-ийг өнгөрсөн ням гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт Ерөнхий сайд Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа сэрээлээ. Нойрноосоо сэрж буй гүнжийг харахаар урлаг соёл, бизнесийн томчуул цугласан байв. “Нойрссон гүнж” бүжгэн жүжиг тэртээ 1890 оны нэгдүгээр сарын 14-нд тухайн үеийн Хаант Орос улсын өнөөдрийн Санкт-Петербург хотын Марийнскийн театрт амилж байсан түүхтэй. Зуун дамжин дэлхийн сонгодог урлагийн тайзыг чимсэн Пётр Ильич Чайковский агуу бүтээлээ 1889 оны намар бичиж дуусгасан байна. Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский энэхүү алдарт бүжгэн жүжгээ Францын нэрт зохиолч Шарль Перрогийн “Нойрсч буй гоо үзэсгэлэн” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Энэ бүжгэн жүжиг нь П.И.Чайковскийн хамгийн урт бүтээл бөгөөд бүрэн хэмжээгээрээ дөрвөн цаг гаруй үргэлжилдэг байна.
Суут хөгжмийн зохиолчийн энэхүү гайхалтай бүтээлийг анх манай тайзнаа 1990 онд амилуулж байсан бөгөөд өнгөрсөн ням гаригт дахин сэргээн амьдруулсан юм. Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр сэргээн засварлагдан тоглож буй “Нойрссон гүнж” бүжгэн жүжигт зориулж, нийт 130 гаруй хувцас урласан байна. Дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг, 500 гаруй жилийн түүхт тус бүжгэн жүжиг цоо шинэ дүр төрхтэйгээр Монголын үзэгчидтэй дахин уулзлаа. Тэдний хамтын ажиллагаа үүгээр зогсохгүй ирэх арванхоёрдугаар сард П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг тайзнаа амилуулахаар зэхэж буй. Энэ хоёр гайхалтай бүжгэн жүжгийн хувцас, хэрэглэлд нийт 10 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий энэхүү бүжгэн жүжиг 17.00 цагт эхлэх байсан ч Ерөнхий сайд замдаа саатсан учир хорин минутаар хоцорцсныг эс тооцвол бүх зүйл гайхалтай байсан. Дуурь бүжгийн эрдмийн театр үзэгчдээр дүүрэн байлаа. “Нойрссон гүнж” бүжгэн жүжгийг үзэж сонирхохоор Ерөнхий сайд Сү.Батболд, гэргий  “Төгөлдөр” сангийн тэргүүн хатагтай Х.Отгонтуяан хамт, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Такуо Кидокоро нар гэргийн хамт, Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, ая зохиогч Б.Ангирмаа, зураач С.Саранцацралт охидын хамт, топ модель Д.Болормаа, жүжигчин Ч.Ундрал, дуучин Э.Номин-Эрдэнэ, дуучин Н.Сүндэръяа, мисс Ч.Мичидмаа, “New Star” студийн захирал С.Мандах, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал зэрэг урлаг соёл, бизнесийн хүрээний нэртэй хүмүүс хүрэлцэн ирсэн байв.

Энэ удаад “Нойрссон гүнж” бүжгэн жүжгийн Аврора гүнжийн дүрд соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг, Дезире ханхүүд О.Ганцоож, Синери дагинад Б.Баасансүрэн, дагинасуудад Б.Саруул, Ц.Жаргалан, Б.Энхтуул, Ц.Хонгорзул, хорон санаат шидтэн Карабост соёлын тэргүүний ажилтан Х.Мөнгөнхөлөг, Жононд М.Од, Н.Чинзориг, Э.Эрдэнэжаргал, Ц.Төмөрсүх, дөрвөн жижиг Фрелингд соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Ц.Хонгорзул, Б.Алтаннамар, Б.Долгормаа, Хатанд соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн, Хатан хаанд соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа нар тус, тус тоглолоо. Харин симфони найрал хөгжимчдийн хамт урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдан П.И.Чайковскийн гайхалтай яруу, тансаг хөг аялгууг үзэгчдэд мэдрүүлсэн.
…Хааны шилтгээний дэргэд зочид цугларчээ. Хааны охин Аврорагийн мэндэлснийг зарлаж, дохио хангинана. Гүнж мэндэлсний баярт зориулж, хаан улсынхаа өнцөг булан бүр рүү элч мордуулан сайн санаат дагинасыг урина. Зочид гүнжийг харахыг тэсэн ядан хүлээнэ. Танхимд хаан, хатан хоёр орж ирэхэд Сирени дагина бараа бологчдын хамт ирж, бяцхан Аврорад ховор бэлэг авчирчээ. Гэтэл гэнэт урилгагүй зочин болох хорон санаат шидтэн Карабос ирэн, өөрийг нь баярт уриагүйд хилэгнэж, Аврора гүнжийг 16 насандаа хурц үзүүртэй ээрүүлд зүйлд хатгуулж үхнэ хэмээн хараана. Энэ үед сайн санаат дагина Сирена хараалын хүчийг сулруулж 100 жил нойрсуулахаар болгож чаджээ. Хаан, хатан хоёр энэ цагаас эхлэн хурц үзүүртэй гэсэн бүхнийг хураан устгахыг тушааж, Аврораг байнга харж хандаж эхэлдэг. Муу санаат хар шидтэнд Х.Мөнгөнхөлөг гайхалтай хувирчээ. Бүжгэн жүжгийн хоёрдугаар үзэгдэл эхлэхэд Аврора гүнж 16 нас хүрч ордныхон баяр хөөр болж байв. Энэ үед зүсээ хувилгасан Карабос цугласан олны дунд гарч ирэн нэгэн бүсгүйд хурц үзүүртэй ээрүүл өгнө. Бүсгүй ээрүүлийг сонирхон бусаддаа үзүүлэхэд Хаан, хатан хоёр хүрэлцэн ирж өнөөх хурц үзүүртэй ээрүүл байгааг харан сандарч, өнөөх ээрүүлийг устгахыг тушаана. Харуулууд ээрүүл явч явахад, дөрвөн Жонон хүрч ирэн Аврораг гэргийгээ болгохыг хүснэ. “Нойрссон гүнж” бүжгэн жүжгийн хамгийн алдартай хэсэг болох “Сарнай адажио” /rose adagio/ буюу 16 насныхаа төрсөн өдрийн цэнгүүн дээр Аврора гүнж дөрвөн жононтой танилцах мөч. Тэд гүнжид ёслон мэхийж, гарыг нь барин мэндчилэх тэр хэсэг балетчинаас гойд чадварыг шаарддаг аж. Ханхүү болгонтой гар барин мэндчилэх хооронд Аврора ямар ч тулгуур, дэмжлэггүйгээр арабеск хийдэг энэ хэсэг нь бүжигчнээс дээд зэргийн тэсвэр хатуужил, ур чадвар, техникийг шаардана. Үүнийг “Хунт нуур” бүжгэн жүжгийн алдарт “32 эргэлт”-тэй тэнцэхүйц хэмжээний хүнд хэсэг гэж тооцдог байна.

16 настай Аврора гүнжийн дүрд гайхалтай хувирсан Ч.Ганчимэг “Сарнай адажио”-г чадварлаг бүжиглэж үзэгчдээс харамгүй алга ташилтыг хүртсэн.
…Гэтэл гэнэт өнөөх үл таних эмэгтэй Аврорад цэцгийн баглаа бэлэглэн, төрсөн өдрийн мэнд хүргэнэ. Аврора цэцгийн баглааг харан баярлаж, ордныхонд цэцэгнээсээ бэлэглэнэ. Бүх цэцгийг бэлэглэж дуустал түүний гарт баглаж нуусан мөнгөн ээрүүл үлджээ. Урьд нь хэзээ ч харж байгаагүй сонин зүйл харсан Аврора ээрүүлийг сонирхож байгаад хурц үзүүрт нь хатгуулж газарт унав. Уй гашууд автсан ордныхон, хаан, хатан бүгд Аврора гүнжийн дэргэд сөгдөхөд өнөөх үл таних эмэгтэй нөмрөгөө аван “Миний хэлсэн бүхэн биеллээ” хэмээн баясна. Энэ үед сайн санаат дагина Сирена “Аврора амьд, тэр зүгээр нойрссон. Түүнийг үүрдийн хань болох залуу нь үнсэхэд сэрнэ, тэр цаг мөчийг хүлээх хэрэгтэй” хэмээж бүгдийг нойрсуулна. 100 жил өнгөрч ойн цоорхойд Дизере жонон болон ордныхон наадна. Бүх хатагтай нар түүнийг өөртөө татахыг хичээвч Дизере нэг л хүнийг хүлээх мэт санааширна… Сайн санаат Сирена Дизеред гүн нойронд автсан Аврора гүнжийн тухай ярьж өгнө. Дизере сэтгэл нь хөдлөн Аврораг хаана байгааг зааж өгөхийг хүснэ. Дизере, сайн санаат Сирена хоёр Аврорагийн байгаа шилтгээнийг зориход хорон санаат Карабос гүнжийг хамгаалан хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүйгээр саад хийсэн байв. Хэдий тийм ч Дизере Карабосыг ялж, гүн нойронд автсан үзэсгэлэнт Аврора гүнжийг үнсэн сэрээнэ. Гүнж Аврора сэрэхэд хаан, хатан болон ордныхон бүгд сэрлээ.
Аврора ч Дизерег харан сэтгэл алдарч, хаан аав, хатан ээж хоёр нь тэднийг гэрлүүлэхээр болж, ордонд дахин хөгжим эгшиглэн бүгд баярын бүжиг хийцгээнэ. Үлгэр энд хүрээд аз жаргалтай төгслөө. Бүжигчдийн хувцас, тайз засалт үнэхээр гоё байсан. “Нойрссон гүнж”-ийг сэрээж өгсөн “Төгөлдөр” сан болон Дуурь бүжгийн эрдмийн театрын нийт уран бүтээлчдэд бүгдэд нь баярлалаа. Хэрэв та үзэж амжаагүй бол энэ сарын 20-нд П.И.Чайковскийн гайхамшигт бүтээл “Нойрссон гүнж” дахин нэг удаа сэрнэ гэдгийг дуулгая.
 
М.Дөлгөөн 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж