Дуучин Жавхлан татвар огт төлдөггүй

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Дуучин Жавхлан татвар огт төлдөггүй

МУГЖ дуучин С.Жавхлан сүүлийн үед  хэл аманд өртөөд тун ч тааруухан байгаа гэнэ шүү. Түүнийг  үндэсний дээлээ өмсөн, үндсэрхэг үзэлтэй байлаа гэж манай өмнөд хөршийнхөн ихэд тааламжгүй хандах болж ээ. Тэд дуучин залууг байнга утсаар заналхийлж, Монгол үндэсний хувцасаа өмсөнө, Монголчууд бол тэнгэр заяатай ард түмэн гэж хэлээд үзээрэй, одоохон наад дээл хувцасаа тайлаад хая. Танай Монголчууд манай Хятадуудаас хэзээч илүү гарахгүй гэх мэтээр байнга дарамтлах болж. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд Чингэлтэй хайрхан ууланд салхинд гарч явахад нь хятадууд зодож тархийг нь хүнд гэмтээсэн тухай яригдах боллоо. Тэрээр энэ тухай “Ер нь сүүлийн үед намайг маш их дарамтлах боллоо. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй л дээ. Монгол үндэснийхээ хувцасыг өмсөж, Монгол өв уламжлалаа дээдлэн явааг маань л буруутгаад байгаа юм болов уу даа. Монгол хүн Монголоороо байгаад буруу зүйл байхгүй биз дээ. Би өөрийн чаддаг мэддэгээ хойч үедээ, энэ цагийн залуусаа мэдээсэй. Өвөг дээдэс минь бидэнд ямар их аугаа өв соёлыг үлдээж өгсөн юм бэ гэдгийг л бага ч гэсэн мэдүүлэх гэж хичээж яваа жирийн л нэг монгол залуу даа. Манай зарим нэг монгол иргэд ч эвгүй үгтэй захидал бас бичих юм. Яагаад ингээд байгааг би одоохондоо мэдэхгүй байна” гэжээ. “Хөх монголын дэг ёс” гэж Монгол өв уламжлал, ёс заншлын сэдэвтэй 10 хоног тутмын сонингоо 50,000 хувь хэвлэн монголын ард түмэндээ үндэсний өв соёлыг түгээж байгаа нь  л урд хөршийнхөнд таалагдахгүй байгаа бололтой. Гэхдээ энэ дарамтнаас дуучин маань айхгүй байгаа гэсэн. Мөн дээрээс нь түүнийг төр дарамтлаад байгаа гэнэ. Тэрээр “ Би нэг ч удаа татвараа төлж байгаагүй нь үнэн. Гэвч газар шороог минь ухаж, өчнөөн олон гол мөрнийг минь ширгээсэн хэрэгтнүүдтэй ямар ч хариуцлага тооцоогүй байж жирийн нэг уран бүтээлч намайг дарамталж байх юм. Би ямар Арабын Шах уу? Би төрдөө гомдож байна” гэв. Мөн тэрээр “Намайг гудамжаар явахад  хөдөөнийх гэдэг. Би хөдөөнийх ч биш, хотынх ч биш, монголынх” гэв.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж