
Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 13700 гаруй дуудлага ирсэн байна. Эдгээрээс 3000 гаруй дуудлага нь гурваас дээш удаа гэр бүлээ хүчирхийлсэн давтан дуудлага гэдгийг цагдаагийн газраас мэдээлсэн юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид оноох хариуцлагын тогтолцоо сул гэдгийг ч хэлж байлаа.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нарын оролцоо маш чухал гэж үздэг. Тиймээс цаашид нийгмийн ажилтнууд болон орцны жижүүр, хэсгийн ахлагч нарт гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн сургалт зөвлөгөөнд хамруулж мэдээлэл өгөх шаардлагтай байна гэж нийслэлийн удирдлагууд үзсэн юм.
Мөн хохирогчийг түр хугацаанд байлгаж, хамгаалах байрны хүрэлцээ муу, энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгаа учраас дүүрэг бүрт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарыг хамгаалах түр байрыг шинээр байгуулах хэрэгтэйг онцоллоо.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, дээрх төлөвлөгөөний дагуу гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цаашид авах арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.