Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний их баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл тав давж, начин цол хүртсэн, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр нарын сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, Баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны журмын дагуу барилдах эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулсан юм. Тэгвэл эл асуудал өнөөдрийн хурлын гол сэдэв байжээ.
2011 оны улсын баяр наадмын дараа хоёр жилийн хугацаатай барилдах эрхээ хасуулсан хоёр бөхийн барилдах эрх наадмын дараа сэргэх юм байна. Гэхдээ дээрх бөхчүүдийн зүгээс Бөхийн салбар комисст хандан өргөдөл гаргасныг өнөөдрийн хурлаар хэлэлцжээ.
Өргөдлийн хавсарга болгон “Ховд” бөхийн дэвжээний захирал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Ховд аймгийн бөхийн холбооны тэргүүний хүсэлтийг хамтатган ирүүлсэн байна. Энэхүү хувийн өргөдлийг Бөхийн салбар комиссын гишүүд удтал хэлэлцээд, "Бөхчүүдэд дахин хатуу сануулга өгөн, эрхийг нь сэргээе" гэсэн саналыг Улсын баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлэхээр шийджээ. Ийн шийдэхдээ “Спорт бол залуу насны хөдөлмөр. Тиймээс хоёр жил алдана гэдэг тамирчин хүнд том шийтгэл” гэсэн үндэслэлийг иш болгосон байна.
Өөр нэг хэлэлцсэн асуудал нь өнгөрсөн жил Дундговь аймаг ойгоо тэмдэглэх үеэр 11 бөхөд аймгийн цол өгөх шийдвэрийг Дундговь аймгийн Засаг дарга гаргасан талаар байв.
Дундговь аймгийн наадам будилаан, булхайтай болсон гэж Монголын үндэсний бөхийн холбоо үзсэн учраас дээрх 11 бөхийн цолыг хураан, барилдах эрхийг нь хасч, өнөөг хүртэл огт барилдуулаагүй байгаа юм байна. 2012 оны Дундговь аймгийн барилдаанд 512 бөх барилдсан бөгөөд МҮБХ-ны шийдвэр 2012 оны есдүгээр сарын 14-нд гарсан байдаг аж. Тухайн үед хүчтэй бороо орж, нэг өдрийн барилдаан хойшилсон хэмээн бөхчүүд хэлж байгаа ч бөхчүүд гарын даа нарын бичиг баримтыг булаан оноолтыг өөрсдөө хийсэн гэсэн гомдол МҮБХ-нд ирсэн байна. Тиймээс Үндэсний бөхийн салбар комисс энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд Засаг даргын шийдвэрийг хэрхэхийг дээд шатны албан тушаалтан буюу Ерөнхий сайдын шийдэх асуудал гэж үзсэн байна. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Шадар сайд Д.Тэрбишдагвын хувьд Дундговийн бөхчүүдийг наадамд барилдуулахад буруудахгүй гэсэн байр суурьтай байгаа ч энэ асуудал хэрхэхийг Ерөнхий сайд шийдэх бололтой.