“Аваагүй” 70 мянгыг хэрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

“Аваагүй” 70 мянгыг хэрхэх вэ?

Инфляцийг хөөрөгдсөн эх орны хишиг хэмээх 70 мянган төгрөгөө олонх иргэд авч, үрч дуусаад байна. Иргэд юунд зарцуулсныг тааж цөхөхөд хэцүү биш. Харин эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн нь эхнээсээ бидний хэтэвчинд мэдрэгдэж, аль хэдийнэ хоосолж эхлээд байна. Инфляци өсөхөд 70 мянга чухал хувь нэмэр оруулсан гэж байгаа. 70 мянган төгрөг авсан баяраа тэмдэглэж байгаа бид өнөөдөр нэг кг нь 3500 орчим байсан махаа 6000 төгрөгөөр авах болж байна. Инфляци өснө гэж төв банк болоод муу нэртэй хэвлэл мэдээллийнхэн хэчнээн хашгираад ч эрхэм хууль тогтоочид кноп дараад л арайхийж ашиглаж эхлэх гэж байгаа Оюутолгой ордынхоо урьдчилгаа мөнгийг дан­­санд орж ирэв үү, үгүй юу тараагаад өг­чих­­сөн шүү дээ. Олон хүн үүгээр хүмүүст хэрэгтэй ганц ч гэсэн зүйл барьж байгуулсан бол доо гэж харамссан ч нэгэнт төр зүгээр өгч байгаагийнх нь, бусад хүмүүс бултаар хүртэж бай­гаа юм гээд чимээгүйхэн аваад л хүртэж орхи­сон. Үүний дагалдаад ядахдаа энэ мөнгөөр нэг төрөх эмнэлэг байгуулсан бол, өнчин ядуу хүүхдүүдэд тусласан бол, үгүйдээ л цэцэрлэгт хү­рээлэн байгуулсан бол гэсэн харамсалтай бод­олтойгоор… Гэхдээ мэдээж хэрэг амьдралын бо­ломжтой хэсгийнхэн нь. Үмх талхгүй өлсч суу­гаа хүмүүст бол төрийн хишиг болсон л байх.

Уг нь цөөхөн хэдэн хүн 70 мянган төгрөгөөсөө татгалзаж, хэрэгтэй зүйлд нь зарцуулах санаачлага гаргасан. Хэдийгээр баян чинээлэг биш ч хоёр идэхгүй, хоосон хонохгүй нэгэн бол “Үүнийг өөр илүү хэрэгтэй зүйлд зарцуулах уу, эсвэл танд зүгээр өгөх үү” гэж асуухад эргэлзэж магадгүй л юм. Гэвч яг амьдрал дээрээ ажилгүй архи уугаад гунхаж яваа нь ч 70 мянган төгрөг авч байгаа болохоор бид яагаад төрөөс зүгээр өгч байгаа мөнгөнөөс татгалзах билээ адарсан нь ч бий байх. Хэрвээ 70 мянган төгрөгийг бэлнээр тараалгүйгээр өөр зүйлд зарцуулсан бол яах байсан бэ гэсэн одоо бол биелэхгүй санааг сэргээх ахул олон л ажил амжуулж болох зураглал гарах биз ээ. Түүнчлэн одоо хэд хэчнээн хүн 70 мянган төгрөгөө аваагүй байгаа, үүнийгээ авахаасаа татгалзвал өөр зүйлд зарцуулж болох уу, эсвэл Төрийн сангийн том ам руу ороод л дашийн шог болох уу, аваагүй байгаа хүмүүсийн мөнгөөр сан байгуулж, шаардлагатай байгаа зүйлд зарцуулж болох уу гэсэн асуулт дээр дурдсан харамслын араас өрнөж байна. Тиймээс энэ удаад хэд хэчнээн хүн 70 мянган төгрөгөө аваагүй байгаа болон түүнийг хэрхэж болох тухай тодрууллаа.   

Дашрамд гуйгаагүй байхад амлачихаад, өгөх дээрээ аргаа барж, анх амласнаа арав дахин багасган тараасан дүр эсгэсэн хууль тогтоогчид харин 70 мянган төгрөгө хэрхсэн бол? Ерөөсөө 70 мянган төгрөг тараасан хэр зөв шийдэл байсан бэ гэдгийг эрхэм гишүүдээс тодруулсныг хараарай. Ингэхэд эрхэм гишүүд ээ, та нарт энэ мөнгө хэрэггүй бол иргэний санаачлага, зориг гаргаад аваагүй байгаа мөнгөөрөө сан байгуулж, өнчин ядуу хүүхдэд ч болтугай тусалж болох бус уу? Олны олон таван цэн гэгчээр одоо эзнээ хүлээгээд дансанд “хэвтэж” байгаа болон авахгүй гэж таахалзаж байгаа эрхэм гишүүдийн 70 мянган “төгрөгнүүд”-ийг нийлүүлбэл овоо аятайхан “хөрөнгө” босох бус уу? Лав л 76Х70 гээд тооцохоор чамлахааргүй мөнгө цуглах байх аа?   

Хишиг хувь хүртээх ажлын явцын талаар бид Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Ганчимэгээс тодрууллаа.

-Хишиг хувь түгээх ажил ер орчим хувьтай байгаа юм бай­на. Үлдсэн 10 гаруй хувь нь 70 мянган төгрөгөө авах шаард­лагагүй, тухайлбал чи­нээ­лэг давхаргын  хүмүүс бай­даг юм болов уу. Дэвтрээ бичүүлсэн ч мөнгөө аваагүй хүмүүс цөөнгүй байгаа нь ямар учиртай вэ?

-Хишиг хувь түгээх ажлыг бид энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар явуулж ирлээ. Эхний ээлжинд цагаан сарыг тохиолдуулан хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон бол дөрөвдүгээр сарын 15-наас насанд хүрэгчдэд олгож байгаа. Өнөөдрийн байдлаар 1 218 197 насанд хүрсэн хүн хувь хишгээ хүртээд байгаа юм. Одоогоор хувь хишгээ хүртээгүй байгаа хүмүүсийн олонх нь отор нүүдлээр өөр аймаг сумын нутагт түр суурьшсан болон гадаад оронд ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа хүмүүс юм. Түүнээс биш баян чинээлэг учраас хишиг хувиа авахгүй байна гэж ойлгож болохгүй. Харин бичигдсэн дэвтэр болон бэлэн мөнгөө гар дээрээ авсан хүмүүсийн тоо зөрүүтэй байгаа нь дэвтэрт бичилт хийснээс хойш нийслэлд долоо хоногийн дараа, хөдөөд 14 хоногийн дараа бэлэн мөнгийг нь хүмүүст олгож байгаагаас шалтгаалж байгаа.

-Отор нүүдлээр явсан болон гадаадад байгаа хүмүүсийн мөнгө хэдий хүртэл хадгалагдах вэ. Хүүхдийн мөнгө шиг хэзээ нэгэн цагт дуусгавар болж хураагдах уу?

– Улсын зүгээс иргэдээ гарал үүсэл, амжиргааны төвшинг хамааруулалгүй хишиг хувь түгээх бодлогыг барьж  байгаа. Тухайн хүн Монгол Улсын иргэн хэвээрээ байгаа тохиолдолд энэ мөнгө Хүний хөгжлийн сандаа хадгалагдаж үлдэнэ. 2010 ондоо мөнгөө авсангүй гээд хураагдахгүй. Өөрөөр хэлбэл, хишиг хувь түгээх ажлыг хүүхдийн мөнгөтэй адил цаг хугацаатай хэрэгжүүлэхгүй. Тухайн хүн гадаадад байсан ч хишиг хувь нь нэр дээр нь хадгалаастай байна. Хэрэв ар гэрийнхэн нь хэн нэгэн түүнийг төлөөлөн авахаар бол итгэмжлэхтэй байх ёстой. Гадаадад байгаа хүмүүсийн тухайд тухайн оронд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас итгэмжлэх бичгээ авсан байх учиртай.

-Хадгалаастай байгаа хи­шиг хувьд хүү тооцох уу?

-Үгүй, хүү тооцохгүй.

-Иргэн бүртээ хишиг хувь бол­­гон төрөөс олгож байгаа мөн­гийг авах шаардлагагүй гэж үзэж буй хүмүүс цөөн боловч байна. Тэд хишиг хувиа хөгж­лийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдэд өгмөөр байна гэсэн саналыг хэлж байгаа. Үнэхээр тэгж бодож байгаа хүмүү­сийн хишиг хувийг өөр нэгэн рүү шилжүүлэх боломж­той юу?
 
-Хишиг хувиа авахгүйгээр хэн нэгэнд өгөх хүсэлтэй хүмүүс байгаа бол тухайн хүн өөрөө л энэ асуудлаа шийднэ. Өөрөөр хэлбэл мөнгөө ном журмын дагуу аваад түүнийгээ хааш нь зарцуулах нь тухайн хүний эрх шүү дээ. Түүнээс биш Хүний хөгжлийн сангаас өөр нэг данс руу шилжүүлэх, эсвэл шууд өөр хүнд өгөх боломж байхгүй.

-Хишиг хувийг давхардаж ол­гох тохиолдол өмнө нь мэр сэр гарч байсан. Энэ удаа зөрчил хэр байна вэ?

-Одоогоор насанд хүрэгчдэд хишиг хувь түгээх явцад ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй.

-Энэ онд багтаан дахин 50 мянган төгрөгийг хүн бүрт олгохоор болсон. Тэр мөнгийг  хэзээнээс олгох вэ?

-Долдугаар сарын 1-ний өдрөөс иргэний шинэчилсэн бүртгэл хийнэ. Тэрхүү бүртгэлд хамргадсан хүмүүст л уг мөнгийг олгоно. Шинэчилсэн хүмүүсийн дижитал зураг, хурууны хээ зэргийг авч нарийвчлан бүртгэх учиртай.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж