“Буга шүтээн”-ий нээлтийг хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

“Буга шүтээн”-ий нээлтийг хийнэ

Яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” хэмээх нэртэй шинэ цомог, мөн уг нэрээр нэрлэсэн яруу найргийн номоо өлгийдөн авчээ. Уг бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт “Интер” номын дэлгүүрт 16.00 хийх гэнэ. Яруу найрагч М.Хүрэлсүх дууны шүлгээрээ алдартай бөгөөд түүний бичсэн дууны шүлэг хоёр жил дараалан “Морин хуур” наадмын тэргүүн байрыг хүртсэн юм. Тодруулбал, 2011 оны “Морин хуур” наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу,  яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгээр бүтсэн дуучин Ө.Уянгын дуулсан “Хурмастын дууч шувуу” тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол өнгөрсөн жилийн наадамд мөн түүний шүлгээр бүтсэн дуу түрүүлж байсан юм. Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая, М.Хүрэлсүхийн шүлэг, ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго нарын дуулж олны хүртээл болгосон “Аминаас үнэтэй Монгол” дуу энэ жилийн  “Морин хуур” наадмаас гран-при хүртэж байсан юм.  Найрагч М.Хүрэлсүхийн хувьд бүтээл арвинтай бөгөөд ихэвчлэн эх орон, ижий ааваа магтан бичихээс гадна Монголынхоо газар шороогоо хайрлан хамгаалж, шүтэж явдаг үндэрсэг үзэлтэн гэдгээ “Аминаас үнэтэй Монгол” бүтээлээрээ ард олондоо харуулж чадсан нэгэн. Түүнчлэн түүний олон танигдсан уран бүтээлээс нь нэрлэвэл, Хөгжмийн зохиолчдоос урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж”, “Сэлэнгэ сайхан нутаг, “Цас бид гурав” “Төөрөг”, “Энхрий үрс” зэрэг дуунууд байгаа юм. Мөн “Буга шүтээн” хос бүтээлээсээ өмнө “Нармай Монгол” ном, “Зөв совин ивээж байна” цомгоо гаргаж, уран бүтээлийн цэнгүүнээ хийж байсан билээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж