МИАТ-ыг өөрчилчихлөө гэж үү..?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

МИАТ-ыг өөрчилчихлөө гэж үү..?

МИАТ-ыг тойрсон бужигнаан намжив. Ажилчид нь онгоцоо барьцаалан нислэг саатуулж, хариуд нь Засгийн газар онцгой байдал зарлахад хүртлээ түргэн авсан том асуудлыг ингээд л шийдчихэв үү. МИАТ гээч өнөөх мөнгөний уурхай, хээл хахууль, албан тушаалын холбоо сүлбээний үүр уурхай, хэзээ мөдгүй дэлбэрч мэдэх “галт уул” дахиад л унтаж эхлэв. Харин хэзээ идэвхижин хавь ойроо хамж одохыг бүү мэд. Хоттой хонь дундаас хонь л сонгогддог гэгчээр бодлогын чанартай шинэчлэл нэг муу даргын оронд арай муу бас нэг даргыг тавьснаар асуудлыг шийдэж чадах уу. Адгийн наад зах нь малчин хүн хүртэл хуц, ухнаа тавихдаа сум алгасч цус сэлбэдэг атал МИАТ-ын дарга нарын хувьд төдий дайны анхаарал тавьсангүй.

Тиймээс ч МИАТ-ын хууч хэзээ хөдөлж, зорчигч, үйлчлүүлэгч, төр засгийг ахин сандаргах вэ бол асуулт түгшүүр төрүүлсэн хэвээр үлдлээ. Ялангуяа зун намрын дэлгэр цаг ирж, жуулчны улирал, ид ачааллын үеэр энэ хэвээрээ үргэлжлүүлэн ажиллаж чадах уу.

Олонд ил гарсан нь саяны бужигнаан болохоос МИАТ-т буруу тогтолцоо үйлчилж, болохоо больчихсон илтгэх мэт өнгөрсөн хугацаанд ажилчид нь л гэхэд зургаан удаа ажил хаясан байх юм.

Ганцхан өдрийн дотор 384 сая төгрөг, гурван өдрийн сул зогсолтоор тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оруулсан энэ компани дахин хэзээ, хэнийг түргэн авахуулах оруулах бол гэх түгшүүрийн дохио унтарсангүй ээ. Мөнгөө төлөөд, тийзээ захиалсан 1100 гаруй зорчигчийг хохироочихоод хэнэг ч үгүй ажлаа үргэлжлүүлж байгаа тэдний хувьд хүний амь нас ч мөн адил үнэ хүрнэ гэж найдалтгүй л харагдаж байна. Онгоцны засвар хийж байна гээд далавчийг тайраад унагачихдаг, үүнийгээ өмөөрөөд засвартай онгоцоо барьцаалдаг, “18 настай хүүхэд харин ч онгоц сайн барьдаг юм” гэж хэлдэг хүмүүс энэ компанийг удирдаж байхад сэтгэл амар нисч чадах уу. Тэр тусмаа олон улсын авиакомпаниудаас хол хоцорсон үйлчилгээнийхээ дутагдлыг үнийн хямдралаар хаацайлах гэж байгаа компанийн менежмэнт, нислэгийн чанарт зорчигчид итгэх нь юу л бол.

Нөгөө үйлчлүүлэгчдийнхээ төлөө “Иргэний нисэхийг хямралаас гаргах тvр хороо” байгуултлаа идэвхжээд байсан ажилчдын хөдөлгөөн, асуудлыг цаг алдалгүй шийднэ гэсэн Засгийн газрын комисс хаачсан бэ. Уг нь асуудал дарга нартаа бус үйл ажиллагааны тогтолцоондоо байна гэдгийг ажиллагсад нь хэзээний хэлсэн.
Үгийг нь сонсохгүй болохоор аргаа барахдаа энэ чигээрээ цаашид ажиллавал халагдсан нь дээр гэх 94 инженер, техникийн ажилчны яриаг орчуулагчгүй Засгийн газар ойлгосонгүй. Харин ч эсрэгээрээ шинэчлэл хийе гэсэн хүмүүсийн халагдах өргөдлийг хүлээн авч айлгаад ажилд нь буцаагаад томилчихно билээ.   
Монголын иргэний агаарын тээвэрт хариуцлагагүй үйлдэл бус хямрал нүүрлэчихээд байна. Иргэний агаарын тээврийн бодлого нэгэнт алдагдчихлаа гэдгийг дээр дооргүй шивэр авир хийн шуугиж байна.

…Хэн нэгэн даргынх нь хүү аавдаа нисгэгч болсон зүүдээ ярихад түүнийг нь биелүүлэн нисгэгч болгочихдог. Засварчин болж мөрөөдвөл техникч, онгоцны үйлчлэгч гоё гэх охиноо үйлчлэгч болгочихдог хувийн компани шиг болчихжээ. Мөрөөдөмтгий, зүүдлэмтгий хүүхдүүдтэй сайн аав нарт олон зуун хүний амь насаас илүү үрсийнх нь мөрөөдөл, зүүд чухал гэнэ. Тиймээс л сармагчин нисгэгч болон онгоц сүйрүүлдэг онигоо бодит биеллээ олоход хүрчээ. Туршлагагvй хvнийг нисгэгч болгосноор алдаа дутагдал хэрээс хэтэрлээ л гэнэ. Зөвхөн он гарсаар нислэгийн аюулгvй байдал алдагдсан тохиолдол гурван ч удаа гарлаа л гэв.

С.Батмөнх ИНЕГ-ын даргаар дахин томилогдсоноосоо хойш л гэхэд бvтцийн өөрчлөлт нэрээр олон хvнийг ажлаас нь хоморголон халж, өөрийнхөө хvрээллийн нисэхийн салбарын тухай ямар ч мэдлэггvй намын байгууллага, хороонд ажиллаж байсан хvнийг хvртэл удирдах албан тушаалд томилсон тухай ч яриа бий. Харин МИАТ-ын гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнийн талаарх ч таагүй мэдээлэл олон. Сөvл, Улаанбаатарын хооронд тээвэрлэдэг каргогоос ихээхэн ашиг олдог. Агаарын тээврийн ачааны vнэлгээг дур мэдэн өөрчилж, санаснаараа нэмэн жилдээ дор хаяж нэг сая ам.долларыг Сөvл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газрын удирдлагатай хамтран унагадаг гээд урсч өгнө. Тиймээс үүнийх нь төлөө Авлигатай тэмцэх газарт эрүү үүсгэн шалгаж байгааг нь хэлэхэд л хангалттай. 

Бусад дарга нар нь ч ялгаагүй.

МИАТ-ын асуудал бужигнах үеэр ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний vйлчилгээний албаны дарга байсан Р.Баатархуяг “Би иргэний нисэхийн салбарт 34 жил ажилласан. Гэтэл хоёр жилийн өмнө ажлаас халагдаж, Г.Даваа даргын vед буцаж ажилдаа орсон” гэж ярьсан бол Ч.Сэрд-Янжив “Би мөн л хоёр жилийн өмнө халаа сэлгээний хоморгонд өртөж, ажилгvй болсон. Г.Даваа дарга намайг Нисэх буудлуудын vйлчилгээний мэргэжлийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Гэтэл С.Батмөнх дарга болсноор надтай хамтарч ажиллахгvй гээд би ИНЕГ-ын захиргаанд өргөдлөө өгсөн. МИАТ-д ийм асуудал vvслээ гэдгийг сонсоод хөдөөнөөс шөнө ирлээ. Одоо л энэ салбарыг төр анхааралдаа авч шинэчлэх шаардлагатай” гэж хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ мэдэгдэж байлаа. Эндээс хийж болох хялбархан дүгнэлт нь тоотой хэдэн хүн л ээлжлэн олон дарга нарын суудлаа сольж байдаг аж.

Тэгвэл анхны хурлыг жишээлье. МИАТ-ын Техникийн албаны дарга асан Ё.Энхтөрийг халсны дараа л даа.  Мэдээллийг тус компанийн Үйлдвэрлэл төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Б.Чинзориг, Инженерийн хэлтсийн дарга Б.Төмөрчөдөр, Шугамын ахлах инженер Г.Баатар, Төлөвлөлтийн ахлах инженер Д.Батбаатар, Техник үйлчилгээний ахлах инженер Ш.Есөнтөмөр нар хийж байсныг санаж байна.

Олзуурхууштай нь тэд “Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, онгоцны засвар үйлчилгээ хийх эрхтэй хүмүүс. Бидний ажлыг орлон хийх хүн Монголд байхгүй. Энэ байдал удаан даамжирвал Ирландчууд түрээсээр ашиглуулж байгаа онгоцоо эргүүлэн татах, цаашилвал  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онгоц засварлах эрхээ бид хураалгах аюултай”-г сануулсан. Асар их ашиг орлоготойгоос гадна олон арван зорчигдын амь насыг дааж, гадаадын монголын нүүр царай болох энэ компанийн хоёр даргыг солилоод гээд асуудал огт шийдэгдэхгүй. Өнөөдөр МИАТ хэсэг бүлэг хүмүүс шахааны бизнесээ эрхэлдэг, зорчигчдын амь, насыг юман чинээ тоолгүй хариуцлагагүй аашилдаг болохгүй бүхний уурхай болчихоод байна. Асуудлыг намжаах төдийхөн бус дахин асуудал гаргахгүйн тулд өөрчлөлт хийх нь зайлшгүй. Тэр нь харин хоёр даргыг нь солих бус. Нэмэгдэхүүний байрыг солилоо гээд нийлбэр өөрчлөгдөхгүй нь мэдээж. МИАТ-ийн тогтолцоог өөрчлөөгүй цагт Монгол Улс өөрсдийн болон гадаадын иргэдийн амь насыг заналхийлж байгаагаас өөрцгүй. Тариан талбайгаа хамгаалахгүй бол шувуу суухдаа л сууна.  

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж