Дорноговь аймгийн тухайд Говийн догшин ноён нутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойтой хамтатган долдугаар сарын 27, 28-нд наадамлах гэнэ. Энэ үеэр 1080 хүүхэд бүжнэ гээд наадмын хөтөлбөрөө сонирхолтой байдлаар бэлтгэжээ.
Монгол Улсын 21 аймгаас дөрвөн аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож буй. Тэдгээр аймгууд түүхт ойн баяраа наадамтай хамтатган тэмдэглэх ажээ. Тодруулбал, Завхан аймгийнхан долдугаар сарын 26, 27-нд 90 жилийн ой, наадмаа хамт тэмдэглэж, 2222 морин хуурч хуур татах гэнэ. Төв аймгийн наадмын тов тодорхой болоогүй ч уртын дууч, морин хуурч, бүжигчин гээд тус тус 90 уран бүтээлч оролцсон нүсэр арга хэмжээг аймгийнхаа ойд зориулан бэлтгэж байгаа аж. Завханы Тосонцэнгэл, Нөмрөг, Завханмандал сум байгуулагдсаны тэгш ой мөн энэ жил тохиож буй тул ой, наадмаа нэгтгэн, долдугаар сарын 25-нд хийх төлөвтэй байгаа гэнэ. Архангай, тус аймгийн Тариат, Өндөр-Улаан, Хотонт, Ихтамир, Цэнхэр, Цахир сумууд ч ялгаагүй 90 жилийн ойгоо наадамтайгаа хамт хийх нь. Гэхдээ өдрөө эцэслэн товлоогүй байгаа аж.
Хэнтийнхэн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоороо долдугаар сарын 27, 28-нд зүүн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах бол Өвөрхангай аймгийнхан 1500 морь уралдуулж, Гиннесийн номд бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ уралдаан долдугаар сарын 23-нд тус аймгийн баяр наадмаар болох юм байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут сумын 90, Эрдэнэцогт сум 80 жилийн ойгоо наадамтайгаа хамтатган долдугаар сарын 22-24-нд хийх бол Ховд аймгийн Манхан сум 90 жилийн ойгоо мөн наадамтайгаа хамт долдугаар сарын 15-нд хийхээр болжээ.